sonin.mn


Энэ жил наадамаар улсын начин цол хүртсэн Баатархүүгийн Пүрэвсайханыг энэ дугаарынхаа зочноор урьж  ярилцлаа. Тэрээр 1989 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Ньюпрогресс групп, Сүлд спорт хороо, 409-р ангийн бөх, дэслэгч цолтой.



-Монгол улсын начин цол хүртсэнд уншигдынхаа өмнөөс баяр хүргье?

-За баярлалаа. Энэ жилийн наадам маань сайхан болж, начин, харцага, гарьд, арслан гээд олон цолтон төрлөө. Миний хувьд Монгол улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ баяртай байгаа.



-Начин цолтойгоо хаана анх зодоглов, ер нь наадмын дараах наадмуудад хэр олон барилдав?

-Би наадмын дараа Сүхбаатар аймгийн наадамд начин цолоороо анх дуудуул барилдаад дараа нь ШШГЕГ-ынхаа Авдрантын ангийн ойд бас очоод, Ховдодоо очиж бас барилдсан. Гурван л удаа барилдаад байгаа юм байна, начин цолтойгоо.



-Улсын начин гээд дуудуулаад гарахад ямархуу сэтгэгдэл төрж байна?

-Улсын начин гэдэг маань өөрөө их гоё цол. Бүх цолны босго гэдэг шүү дээ. Мэдээж улсын начин гээд дуудуулахаар сайхан байлгүй яахав. Сэтгэл зүй гэхэд арай өөр болдог юм байна Наадмын дараа нутагтаа очоод нутгийнхаа олонтой уулзаж, уул усандаа залбираад ирсэн. Цааш цаашдаа бэлтгэл сургуулиа улам сайн хийж цолоо ахиулахын төлөө зүтгэнэ гэж бодож байгаа.



-Энэ жил наадмын бэлтгэлээ хаана базаасан бэ, бэлтгэл ямархуу болов?

-Би энэ Сүүж уулын амралтанд бэлтгэлд гарсан. Тэнд Завхан, Ховд, Хөвсгөл, Дундговь, Дорноговь гээд нэлээд хэдэн аймгийн гал, олон бөхчүүд гарсан шүү. Ер нь жилийн жилд л бөхчүүд бужигнаж байдаг сайхан газар шүү дээ. Бэлтгэлийн хувьд гэх юм бол улсын начин Б.Адъяахүү багш маань ерөхийд нь удирдан тааруулж, нутгийн маань ах нар бас зөвлөөд хэлж яриад базаасан даа. Наадмын бэлтгэл дээр үндэсний бөхийн бэлтгэл нэг их хийгээгүй. 4-5 удаа л зодгоо өмсөж, бэлтгэл хийсэн. Бусад үед нь ерөнхийдөө амралтын байдалтай байсан гэх үү дээ.

 


-Хоёр дахь жилээ улсын наадамд зодоглоод цолонд хүрсэн үү. Ер нь цолонд хүрэх магадлалтай залуусын тааварт нэлээд яригдаж байсан шүү?

-Тэглээ. Ноднин анх барилдаад хоёр даваад гурвын даваанд унасан. Харин энэ жил сайхан барилдаж цолонд хүрлээ. Энэ бол бөхөд дуртай олон түмний итгэл найдвар, бас миний хүч хөдөлмөрийн үр шим. Бас намайг үргэлж тусалж дэмждэг, Сүлд спорт хорооны хамт олон, "Нью прогресс" группийнхны маань ач буян гэж боддог. Цаашдаа та бүхний итгэл найдварыг биелүүлж улам сайн барилдана аа гэж хэлэх байна.



-Наадмын бэлтгэл дээр Адъяахүү багш юу гэж зөвлөж байв?

-Бэлтгэлээ тааруулаад торгон ирэн дээрээ барилдана шүү л гэж их хэлдэг байсан. Би ч яг хэлснээр нь л хааяа зодгоо өмсчихөөд, өглөөд заряткаа хийчихээд байж байсан. Тэр байтугай Сүүжийнхээ наадамд хүртэл зодоглоогүй шүү дээ.



-Биеэ нөөгөөд үү...?

-Тэгж хэлж болно оо. Би анх 2008 онд Сүүжид бэлтгэлд гарч байсан. Тэнд гарах болгондоо цолоо ахиулж байгаа. Тийм болохоор тэр сайхан хангай дэлхий надад үр өгөөж, ивээлээ хайрлаж байгаад их бэлгэшээж суугаа. Олон сайхан алдар цолтой бөх төрсөн хангай. Энэ жил биднийг бэлтгэлд гарсан байх үеэр янзагатай буга уулнаас орж ирээд 2-3 хоносон. Тэрийг манай бөхчүүд их бэлгэшээж, хүндэтгэж байсан. Их ховор л тохиол юм гэнэ лээ.

 


-Наадмын өмнө таныг хүмүүс цолонд хүрнэ гээд таавар дэвшүүлээд байхаар ямар санагдсан бэ?

-Энэ хүмүүсийн итгэл найдварыг алдахгүй юмсан гэж их бодсон. Бас төрийн наадам юм чинь бүх даваа хариуцлагатай байна гэж бодоод сэтгэл зүйгээ их бэлдсэн.



-Цол авна гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Итгэлтэй байсан. Ноднингийн хувьд бүтэн жилийн бэлтгэл ерөнхийдөө сайн байсан. Зааланд тогтмол барилдаад, бас цагаан сараар гайгүй барилдаад бүр урам зориг орчихсон. Цагаан сараар сайн барилдсан бөх наадмаар сайн барилддаг гэдэг шүү дээ. Тийм болохоор өөртөө их итгэлтэй байсаан. Ноднингоос сэтгэл зүй ч их өөр байсан.



-Наадмын урьд шөнө нойр хэр их сэрвэлзэж байх юм бэ?

-Наадмын урьд шөнө зүгээр сайхан унтчихсан. Харин 11-ний шөнө нойр хүрч өгөхгүй, нэлээд хөрвөөсөн шүү. Маргааш хурдан болоосой, хэнтэй таарах бол, яаж барилдах бол гээд л... Би нэгийн даваанд Говь-Алтайн 1 залуутай таараад, хоёрт а.а Т.Буянжаргалтай барилдаж даваад гуравт Батзориг ах авсан. Тэгээд дөрөвт Бат-Эрдэнэ гарьдтай, тавд Баасандорж зааныг давж начин болсон. Мэдээж бүгд хариуцлагатай л даваанууд.



-Батзориг ах тань дүүгээ улсын цолны төлөө зүтгэг гээд гурав дээр амласан болов уу?

-Ах маань дүүгээ дэмжээд цаашаа сайн барилдаарай гэсэн. Энэ бол монгол бөхөд уламжлагдаад ирсэн зүйл шүү дээ. Ах дүүс болон нутаг усны ах нар нутгийнхаа дүү нарыг сайн барилдаж, итгэл даана гэж бодсоны үндсэн дээр ингэж дэмждэг гэж ойлгодог. Тийм болохоор ах минь намайг тунаанаас гаргаж, итгэл хүлээлгэсэн.

 


-Дөрвийн давааны барилдаан нэлээд хүнд болсон байх аа. Гарьд та хоёр нэлээд удаан хүч үзсэн?

-Тийм ээ, хүнд байсан. Намайг гарахад Бямбадорж заан, Батзориг ax, Мягмарсүрэн ах гээд манайхан “Золгож барилдаарай” гээд гаргасан. Тэгээд хэлснээр нь барилдсан даа. Би уг нь наадмын өмнө “дөрвийн оноолт дээр заануудын төгсгөл юмуу, харцагуудын эхээр л очих байх” гэж бодож байсан. Тэгсэн бүр дээшээ гарьдтай очиж таарсан шүү.



-Барилдаж байхад чинь Бямбадорж заан талбайн захад суучихсан. Барилдаан заагаад л хашгираад байсан. Сонсогдож л байсан байх, тийм ээ?

-Тэгсэн. Намайг “байж байгаач” гээд л байсан. Элэг бүс сэнжигнээс хаялцалгүй тавиад, зүүн золгоон дэрээс л санаснаа хийсэн дээ. Тэр мэхийг бэлтгэл дээр Адъяахүү багш нэлээд давтуулдаг байсан юм. Би гарьдтай өмнө нь Гиннесийн, барилдаан дээр наймын даваанд нэг таарч барилдаад би унасан. Мундаг мэдрэмжтэй бөх шүү дээ.



-Хурд бол та хоёрт хоёуланд нь л байсан...?

-Тэгж хэлж болох байх. Ямар ч  байсан залуу, хүчтэй сайхан гарьдыг давсандаа их баярласан шүү.



-Начны даваанд заантай хэрхэн барилдав?

-Сайхан барилдаан болсоон. Би өмнө заантай барилдаж үзээгүй байсан. Гараад өөрийнхөө бодсоноор л барилдсан.



-Зааныг бөхчүүд их эвгүй барилдаантай л гэлцэх юм билээ?

-Харин тэгдэг юм билээ. Өмнө барилдаж үзээгүй байсан болохоор надад бүр эвгүй байсан.



-Мэдээж начин болчихоод туг тойроход их л сайхан байсан байх. Хамгийн эхэнд юу бодогдож байна?

-Мэдээж хүссэн аавын хүү болгон даваад, тойроод байдагүй болохоор сайхан байлгүй яахав. Нутаг усаа, аав ээжийгээ, багш нарыгаа гээд олон л зүйл бодогддог юм билээ. Гэхдээ дараа дараагийн даваанууд байгаа шүү гэж бодоод ч тэрүү ер нь тайван байсан шүү.



Зургаагийн даваанд Пүрэвжав харцага та хоёрын барилдаан нэлээд шуугиан дагуулсан. Хүмүүс янз бүрээр л. ярьж, хүлээж авч байгаа бололтой. Та өөрөө тэр барилдааныхаа талаар юу хэлэх вэ?

-Хүч шавхсан л барилдаан болсон. Үндсэн цаг дуусаад барьц сонгох болоход харцага барьцаа өгөхгүй нэлээд удсан л даа. Бөх мэддэг хүмүүс тэр барилдааныг хараад ерөнхийд нь юу болсныг мэдэж байгаа байх. Барьцаа өгөхгүй байсан нь харцагын буруу, харин өшиглөсөн нь мэдээж миний буруу байсан.



-Тухайн үед мэдээж өшиглөе гэж бодож өшиглөөгүй л байх. Гэхдээ хор шараа тэгж илэрхийлсэн нь буруу л даа?

-Харин тийм ээ. Үнэхээр шар хөдөлсөн л дөө. Тэр бол их хариуцлагатай даваа байсан. Давбал харцага болох гээд л... Бас харамсалтай. Хэрвээ барьцаа ном горимоор нь аваад барилдсан бол цаашдаа яаж ч барилдах байсан юм билээ. Энэ дашрамд Бөх сониноороо дамжуулаад наадмынхаа дэвжээн дээр зохисгүй үйлдэл гаргасандаа Монголынхоо нийт ард түмнээс уучлал гуйж байгааг минь дамжуулж өгнө үү.



-Наадмын дараа Пүрэвжав харцагатай уулзсан уу?

-Уулзсан. Уулзаад харцагаас уучлал гуйсан.  



Цолоо батлах, ахиулах дараагийн үүрэг зорилгынхоо төлөө зүтгэнэ дээ, тийм ээ?

-Тийм ээ. Бэлтгэл сургуулиа сайн хийгээд улам сайн барилдахын төлөө хичээнэ ээ.


-Наадмын дараа галаа эргэсэн үү?

-Эргэсэн.

 


-Наадмын дээл чинь их гоё өнгөтэй байсан?

-Нэг бөхийн эхнэрээр хийлгэсэн юм. Тэр өнгө таалагдаад...



-Дээлийн тань захыг хэн мушгисан бол...?

-Миний лам багш, аав ээж хоёртой минь хамт суугаад л мушгсан даа.



-Аав ээж ирээд үзэхээр бүр сайхан биз дээ?

-Тэгэлгүй яахав. Аав, ээж хоёрыгоо харж байхад сайхан барилдаад цол авчих юмсан гэж их бодогдсон. Энэ бол миний анхны улсын цол. Цаашдаа цолоо ахиулж, дахин нутаг усаа, аав ээжийгээ, ах дүүсээ дахин баярлуулахыг хүсч байна даа.



-Одоо бэлтгэлдээ орчихсон уу?

-Орсоон. Бэлтгэл ерөнхийдөө жигдрээд л явж байна.



-Хаагуур хийж байгаа вэ, бэлтгэлээ?

-Манайхан хүчний бэлтгэлээ Ганбаа багшийнхаа клубт хийгээд, үндэсний бэлтгэлээ Аварга дээд сургууль дээрээ л хийж байна даа.



-Адъяахүү багшийг таны гарын багш гэж ойлгож болох байх аа?

Тийм ээ. Анх юу ч мэдэхгүй хүүхэд л багш дээрээ ирж байсан. Өдий зэрэгтэй барилдаад явж байгаа минь багшийн минь л ач тус шүү дээ.



-Багшийнхаа өөрийнх нь барилдаанаас хэр суралцаж байна?

-Манай багш чинь хөлд орно, ер нь уран барилдаантай бөх шүү дээ. Багшийнхаа барилдаанаас тодорхой хэмжээгээр суралцаад, өөртөө шингээгээд л явж байгаа гэж боддог. Багш маань бидэнд жудагтай байхыг л их захидаг юм.



-Начин багадаа ямаршуухан хүүхэд байсан бол...?

-Би багадаа хичээлдээ сайн, даруухан талдаа л хүү байсан. Манай ангийн багш Пүрэвдамба гэж хүн байсан. Тэр багш маань бөхийн секц хичээллүүлдэг. Тэр секцэнд нь явдаг байлаа. Гэхдээ заавал бөх болно гэж бодож байгаагүй. Дунд сургуулиа төгсөөд Ховдын их сургуульд орох гэж байсан чинь Батзориг ах очоод "Бөх болгоно” гээд хот руу аваад ирсэн. Тэгээд л бөхийн зам руу орсон доо. Би бас Чандмань нутгаараа их бахархаж явдаг. Тэр сайхан нутгийн агаараар нь амьсгалж, уснаас нь ууж өссөндөө баярлаж, бахархахгүй байхын аргагүй юм. Би түрүүн манай сумаас 4 жил дараалан начин төрлөө гэж ярьсан. Энэ бас ховор л түүх юм билээ. Нэг сумаас 4 жил дараалан ингэж цолтон төрсөн түүх аймагт байтугай улсад байхгүй байх аа.



-Сая нээлтийн барилдаанд яагаад барилдсангүй вэ?

-Хөдөө гэртээ харьчихсан байж байгаад барилдаж амжсангүй. Хойшдоо барилдаан алгасахгүй барилдана аа. Би ер нь барилдаанууддаа тогтмол барилдахыг боддог. Нэг ёсондоо миний ажил мэргэжил, амьдрал энэ болохоор бөхөө л барилдана шүү дээ.



-Улсын цолтойгоор ам авах ямар байна?

-Би ч ам авахдаа буруу авчих гээд байдаг тал бий. Хүнтэй зөвлөж байж л авбал дээр юм шиг байгаа юм /инээв/.



-Барилдаан огт таардаггүй бөх бий юу?

-Би өөрөө баруун талтай болохоор зүүн талтай хүнтэй барилдахад их эвгүй байдаг юм. Бусдаар бол гайгүй ээ.



-Ямар мэхийг сурчих юмсан гэж боддог вэ?

-Хөлд орох мэхийг л сурчих юмсан гэж боддог юм.



-Таны барилдааныг харахад шуудганд хүрчихвэл их эвгүй юм аа даа. Түрж хөөгөөд л давчихаж байгаа харагддаг?

-Би ч ерөнхийдөө шуудагны барилдаантай л даа. Нуруу намтай болохоор өөрийнхөө давуу талаа ашиглаж, гартаа л найдаж барилддаг хүн дээ. Барилдааныхаа арга барил, давуу тал, дутуу зүйл гээд бүх л зүйлээ Адъяахүү багшаараа заалгаад, хэлж зөвлөснийх,нь дагуу барилдаад явж байгаа.



-Шуудагдаж барилддаг бөхчүүдийг гартаа бүлтэйн шинж гэх нь бий?

-Тэгж ярьдаг юм билээ. Шуудагны барилдаан бол гарын л давуу тал байх л даа. бас нөгөө талаар эцсийн л арга юм даа. Хичнээн гартаа бүлтэй байлаа гээд сэнжигнээс юм уу, сэрвүүгээс уначихаад байвал шуудганд найдах хэрэггүй л гэсэн үг.



-Огт хийдэггүй мэх хийгээд өрсөлдөгчөө давж байсан тохиол бий юу?

-Би хөл мэхэнд тааруу. Цагаан сараар анх удаа хутгах мэхээр Ганбат арсланг давчихсан. Тэрнээс өмнө хүн хутгаж хаяж үзээгүй байсан.



-Хавар манайд ярилцлага өгөхдөө хүчтэй өрсөлдөгч гээд Бүрэнтөгсийг нэрлэж байсан?

-Бүрэнтөгс бид хоёр өмнө олон таарч байсаан. Энэ жил хоёулаа улсын цолонд хүрлээ. Бүрэнтөгс маань сайхан барилдаж төрийнхөө наадамд түрүүллээ. Цаашдаа ч дахин олон түрүүлэх байх аа.



-Бөхчүүдээс хэнтэй нь хамгийн олон барилдсан бол... Тэрийг анзаарч байв уу?

-Соронзонболд заан 3 удаа дараалан намайг амлаж байсныг санаж байна. Өөр ч олон таарч барилдсан бөх гэхээр нэг их санаанд орохгүй байна аа.



-Гэрийнхнийхээ тухай... Хэн хэнтэйгээ амьдардаг вэ?

-Аав ээж ахтайгаа амьдардаг. Аав маань трактор барьдаг байсан, харин ээж үсчин.



-Хэзээ гэр бүлтэй болох гэж байна. Сайхан барилддаг, залуу начинг охид хүүхнүүд сонирхож байгаа байлгүй?

-Одоогоор тийм зүйл алга аа. Гэр бүл зохиох талаар бодож л байгаа.



-Танайх Сэлэнгийн айл болчихсон юм уу?

-Тийм ээ. Сэлэнгэд суурьшаад 4-5 жил болж байна.



-Ногоо, газар тариалан эрхлэх үү?

- Үгүй, үгүй. Хэдэн малтай. Тэрийгээ маллаад л...



-Начин адуу малтай хэр ноцолдох вэ?

-Муу, муу /инээв/. Адуу малтай нэг их ноцолдохгүй ээ.



-Дуу хууранд хэр вэ?

-Бас л сайн биш ээ.



-Аварга дээд сургуулийг төгссөн байх аа. Танай ангиас ямар бөхчүүд барилдаж байгаа вэ?

-Баян-Өлгийн Еркебулан арслан байна. Цол аваагүй ч барилддаг залуучууд нэлээд бий.



-Залуу хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх талаар хэр анхаардаг вэ?

-Цаашдаа өөр мэргэжлээр сургуульд сурч боловсроё гэж бодож байгаа.



-Монгол бөхийн хувьд ингээсэй, тэгээсэй, ийм зүйл хийгээсэй гэсэн санал бодол байна уу?

-Хөлийн цэц засуулууд дээрээ жаахан анхаармаар ихэвчлэн л Говь-Алтай, Өвөрхангай, Дундговийн хүмүүс байдаг шүү дээ. Энэ жил зургаагийн даваанд би яалт ч үгүй л Дундговийн засуул дээр гарсан. Хоёр хөлийн цэц намайг давсан гэсэн. Тэгээд миний засуулаас асуусан “хайн" гэж хэлсэн.



-Уг нь бол таныг засаад байдаг...?

-Харин тийм. Яалт ч үгүй Дундговийнхоо хүний талд л зогсож байна лээ. Зөвхөн энэ наадам дээр ч биш бөхийн өргөөний барилдаанууд дээр ч буруу зөрүү шүүлт гараад л байгаа харагддаг. Бас аймгуудын наадмыг жаахан анхаарахгүй бол хэцүү л болоод байгаа юм шиг байна.



-За сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Дараа өндөр сайхан цол авч уншигчидтай минь дахин уулзаарай гэж ерөөе?

-Тэр ерөөл бат оршиг ээ. Энэ дашрамд үргэлж тусалж дэмждэг Сүлд спорт хороо, 409-р ангийн хамт олон, Ньюпрогесс группийн хамт олондоо, Бямбацогт гишүүндээ, Нямдаваа даргадаа баярлаж явдаг шүү гэдгээ уламжилъя.

С.Бадамгарав
Эх сурвалж:”Бөх”