Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Азийн бөхийн холбоо /AAWС/-ны чуулганы үеэр 2018 онд 23 хүртэлх насны анхны Ази тивийн чөлөөт  бөхийн АШТ-ийг Монгол Улсдаа зохион байгуулах хүсэлтээ Монголын чөлөөт бөхийн холбооноос AAWC-нд илэрхийлсэн байна. 
 
Энэ сарын 10-14-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Казахстаны иргэн Даулет Турлыханов ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Энэ үеэр болсон уг чуулганаар14 орны төлөөлөгч нэр дэвшсэнээс Даулет Турлыхановоос гадна хамгийн олон хүний санал авсан Японы Хироаки Цүкамото, Ираны Хамид Банитамин, БНСУ-ын Ли Кеннет, Тайландын Киттипош Сучантабутр, Энэтхэгийн Брижбушан Сингх, БНХАУ-ын Зан Вэ нарын долоон орны төлөөлөгчид Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
Шинэ Гүйцэтгэх зөвлөлийнхөн хурлаа хийж, Казахстан улсын парламентын гишүүн, спорт агентлагийн дарга, спортын сайд асан, сонгомол бөхийн нэрт тамирчин Турлыхановыг ерөнхийлөгчөөр, дэд ерөнхийлөгчөөр Японы Хироаки Цүкамотог сонгожээ.