sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас  нэр дэвшигч Х.Баттулга өчигдөр Увс аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийлээ. Энэхүү уулзалтад Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар оролцож, төрөлх нутгийнхаа зон олонд хандаж үг хэллээ.
 
Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өнөөдөр манай нутагт хүрэлцэн ирж, та бүхэнтэй уулзаж байна. Би хувь хүн талаасаа ямар хүн бэ гэдгийг нь хэлэхээр энд ирсэн юм. Түүнээс гадна, Олимпийн аварга Н.Түвшинбаяр найзыгаа би манай нутагт ирээч гэж олон удаа гуйсан. Яагаад гэвэл би Увс нутгаас Олимпийн аварга төрөөсэй гэж хүсч явдаг. Хувь зохиолоор анд минь манай нутагт ирлээ. 2020 онд Увс нутгаас Олимпийн аварга төрөх болтугай.
 
Монголын жүдочид тив, дэлхийд бахдам сайхан амжилт гаргаж байгаа. Нэг биш бүх жинд өрсөлдөж чадаж байна. Яагаад гэвэл Халтмаагийн Баттулга гэдэг хүн Монголын жүдод хариуцлагын тогтолцоо бий болгосон. Бэлтгэлээ сайн хийж, амжилт гаргахгүй бол дараагийн тамирчинд нь боломж олгож, тэмцээнд явуулдаг. Ингэж хариуцлагын тогтолцоог жүдод бий болгосноор Монголын бөхчүүд амжилт гаргадаг болсон.
 
 
Энэ хүн 2008 онд Н.Түвшинбаяр маань аварга болоход. 2012 онд С.Ням-Очир маань Олимпийн наадмаас хүрэл медаль хүртэхэд. 2016 онд Увс аймгийн Баруунтүрүүн сумын харьяат Доржсүрэнгийн Сумъяа аваргын төлөө гарч ирээд, булхайтай шүүлтийн улмаас хожигдоход бидэнтэй хамт уйлаад л байж байсан. Бидний төлөө гэсэн сэтгэлээр хандаж, нулимсаа унагаж л явдаг хүн. Бидэнд аавын минь оронд аав. Ахын минь оронд ах, андын минь оронд анд болж чаддаг, эгэл жирийн монгол эр хүн. Эгэл бор амьдрлаас хөдөлмөрлөж байж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Амьдралын маш том сургуулийг төгссөн.
 
 
Зарим хүмүүс түүнийг боловсролгүй гэж ярьж, сөрөг пиар хийж байна. Боловсрол гэдэг бол эхлээд боловсор, аливаа зүйлд бэлэн бол. Дараа нь тэр зүйлээ ол гэсэн утгатай үг. Монгол Улсын боловсролын зорилго бол эрүүл чийрэг бие бялдартай, оюуны зохих чадвартай, хүмүүнлэг, нийгэмд биеэ даагаад хөгжих боломжтой иргэнийг бэлтгэхэд оршдог юм. Баттулга ах бол амьдралын том боловсролыг эзэмшсэн. Хүнийг хайрлах, энэрэхийг мэддэг. Ялалт, ялагдлын гуниг, баярыг мэдэрдэг, урсгасан хөлсний үнэ цэнийг ойлгодог хүн.
 
 
Аливаа хүнийг араас нь түлхэж чаддаг. Амаа аваад давхивал хазаарлаж ч бас чаддаг эр хүн. Яг ийм л эх оронч, чин сэтгэлтэй, шударга Ерөнхийлөгч Монголд ус агаар мэт хэрэгтэй байна. Тиймээс Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийг дэмжээрэй гэж уриалъя. Монголын ард түмний төлөө цохилох зүрхтэй, эх орныхоо төлөө зүтгэх итгэлтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад би үнэхээр баяртай байна.
 
Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийг хамтдаа дэмжицгээе. Монгол ялна аа” хэмээн хэллээ.
 
    
Ардчилсан намын сонгуулийн төв штаб