МОСКВА./TASS/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ тэргүүн Жанни Инфантиног Бээжинд хүлээн авч уулзах үеэрээ "ирээдүйд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо явуулна "гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай ФИФА-гийн албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.
 
Уулзалт Тяньаньмэний талбайд байрлах Ардын хурлын ордонд болж, нэг цаг орчим үргэлжилжээ. Уулзалтаар мөн Хятадад хөлбөмбөг улам бүр түгэн дэлгэрч байгаа талаар ярилцсан байна. Ж.Инфантино хөлбөмбөгийг Хятадад түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаад нь Хятадын төрийн тэргүүнд талархал илэрхийлээд, хүн бүрт хүртээмжтэй хөлбөмбөгийн спорт нь нийгмийн болон соёлын ялгааг арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглэжээ.
 
Хариуд нь, Ши Жиньпин Хятад улсад хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах гэсэн тус улсын хөгжөөн дэмжигчдийн мөрөөдөл биелнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
Уулзалтын дараа Ж.Инфантино хэлэхдээ “Бид ирээдүйд хамтарсан олон төслүүдийг хэрэгжүүлэхийг тэсч ядан хүлээж байна” гэлээ.
 
Дашрамд дурдахад, одоогийн байдлаар хөлбөмбөгийн ДАШТ-2026-г зохион байгуулах хамтарсан мэдүүлгийг АНУ, Мексик, Канад улс өгөөд байгаа аж.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг