sonin.mn
ПХЕНЬЯН. /ВВС/. Ирэх онд болох “Пёнчан-2018” өвлийн олимпод хоёр Солонгосын нэгдсэн баг оруулах тухай Өмнөд Солонгосын саналыг Умард Солонгос хүлээн авахаас татгалзлаа.
 
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Иний дэмжлэгтэйгээр тус улсын Спортын сайд До Жон Хван энэ саналыг Умард Солонгосын талд өнгөрсөн долоо хоногт тавьсан юм.
 
Харин Умард Солонгосын иргэн бөгөөд Олон улсын Олимпын хорооны гишүүн Чан Ун энэ саналыг хүлээн авахаас татгалзаж байгааг өнөөдөр мэдэгдээд “бидэнд энэ саналыг авч хэлэлцэж, гэрээ хэлэлцээр байгуулж байх цаг байхгүй” гэв.
 
Ирэх оны хоёрдугаар сарын 9-25-нд Өмнөд Солонгосын Пёнчан хотод өвлийн олимпын наадам болох юм.
1991 оны ширээний теннисний ДАШТ-д хоёр Солонгосын тамирчид нэг баг болж орж байжээ.
 
 
/"Рио-2016" зуны олимпын наадмын үеэр хоёр Солонгосын гимнастикчид селфидсэн нь/
 
Ноён Чан хэлэхдээ “ширээний теннисний хамтарсан баг бүрдүүлэхэд бид 22 үе шат бүхий хэлэлцээ хийж байсан. Хэлэлцээ хийхэд таван сарын хугацаа орж байсан. Энэ бол бодит байдал” гэлээ.
 
1953 онд Солонгосын дайн дууссан хэдий ч хоёр тал энхийн гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд өнөө хэр нь дайсагнасан хэвээр байгаа юм. Пхеньян удаа дараалан цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбоотойгоор саяхан Солонгосын хойгийн байдал хурцадсан билээ.
 
 Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг