sonin.mn
МОСКВА./TASS/. Олимпын найман удаагийн аварга, Ямайкийн ойрын зайн гүйлтийн тамирчин Усэйн Болт Токиод болох 2020 оны Олимпын тоглолтонд оролцож магадгүй байна. Тэрбээр энэ тухайгаа Чехийн Острава хотод хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
 
Үүнээс өмнө У.Болт хэлэхдээ "2016 оны Олимп миний хувьд хамгийн сүүлчийнх" гэж байсан юм. Өдгөө 30 настай У.Болт тамирчны замналаа 2017 оны 8 дугаар сарын 5-13-нд Лондонд болох ДАШТ-ий дараа дуусгахаар шийдсэн бололтой.
 
“2020 оны Токиогийн Олимпод оролцох эсэхээ би тодорхой хэлж чадахгүй байна. Ирээдүйд хэрхэх тухай таамаг тавих би дургүй. Хэрвээ чадал тэнхээ маань хүрэх юм бол би заавал оролцоно, гэхдээ миний яг таг хэлж чадах зүйл гэвэл би Олимпод ямар ч байсан дасгалжуулагчаар очихгүй гэдгийг хэлэх байна” хэмээн тэрбээр ярьжээ.
 
Үүний сацуу У.Болт спортын телевизэд тоймчоор ажиллаж чадна гэдгээ дурдсан байна. “Би өөрийгөө шоумэн гэдгийг мэднэ, гэхдээ би телевизэд өөрийн гэсэн шоу эсвэл нэг тиймэрхүү юмтай болох хэмжээний дуртай биш ээ. Зүгээр л олныг баясгах нь надад сайхан санагддаг юм. Ирээдүйд спортын телевизэд тоймчоор ажиллах нь сонирхолтой байж  мэднэ” гэж нэрт тамирчин ярилаа.
 
Тэрбээр 2004 оны Афины Олимпийн тоглолтын дараа тамирчны замналаа дуусгах гэж байсан гэдгээ дурдсан байна. 2004 оны Олимпын үеэр У.Болт гуяндаа гэмтэл авснаар тэмцээнд оролцож чадахгүй болсон юм.
 
“Афинд тэмцээнд оролцож чадахгүй болсон тэр үед спортын карьераа дуусгая гэсэн бодол надад төрсөн. Тэр үед би үгээр илэрхийлэхийн аргагүй их гомдол тээж, гэмтэл авсандаа маш их шаналж байсан. Гэсэн хэдий ч аав болон дасгалжуулагчтайгаа ярьсны эцэст ямар ч байсан Олимпын алтан медаль авахаар эрс шийдсэн. Гэмтэл бэртэл надаас салахгүй байх гэсэн айдас намайг идэж, 2008 оны Олимпод оролцож чадахгүй байх вий гэж айж байсан, гэсэн хэдий ч олны дэмжлэгийн хүчинд би дэлхийн хамгийн алдартай тамирчны нэг болж чадсан” хэмээн тамирчин хуучилжээ.
 
У.Болт бол гурван Олимп /Бээжин-2008, Лондон-2012, Рио-де-Жанейро-2016/ дараалан 100, 200 м-ийн зайд аваргалж чадсан цорын ганц тамирчин юм. Мөн тэрбээр 100 м /9,58 сек/, 200 м /19,19 сек/-ийн  зайд дэлхийн дээд амжилт тогтоосон нь эвдэгдээгүй байгаа билээ.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг