sonin.mn
МОСКВА./TASS/. Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Камерон, ханхүү Уильям хоёр 2010 онд Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Чон Мон Жүнтэй хэлэлцээ хийхдээ, хөлбөмбөгийн 2018, 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах орнуудыг шалгаруулах үед Их Британи, Өмнөд Солонгосын талуудын хооронд "санал наймаалцах" боломжийг хэлэлцэж байжээ.
 
Энэ тухай Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ Ёс зүйн хорооны мөрдөн шалгах танхимын тэргүүн асан Майкл Гарси-гийн тус байгууллагын цахим хуудсанд нийтэлсэн илтгэлд дурдсан байна.
 
Мягмар гарагт 2018, 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулагч орныг тодруулах үйл явцыг шалгах мөрдөн шалгалтын тайланг бүрэн эхээр нь нийтэлсэн юм.
 
ДАШТ-ийг зохион байгуулах орныг тодруулах санал хураалт 2010 оны 12 дугаар сарын 2-нд Швейцарийн Цюрих хотод болсон ФИФА-гийн гүйцэтгэх хорооны хуралдааны үеэр явагджээ. Ингээд 2018 оны ДАШТ-ийг явуулах эрхийг ОХУ, 2022 оныхыг Катар улс авсан байна. Харин Их Британи, Өмнөд Солонгос хоёр ДАШТ-ийг зохион байгуулахаар өрсөлдөж байсан юм.
 
Их Британийн мэдүүлгийг хариуцаж байсан Жефф Томпсон Д.Кэмерон, ханхүү Уильямын хамтаар сонгуулийн өмнө Цюрих хотын нэгэн зочид буудалд  Чон Мон Жүнтэй уулзжээ. Д.Кэмерон Чон Мон Жүн-ээс Их Британийг дэмжиж саналаа өгөхийг хүсэхэд цаадах нь "хэрвээ Ж.Томпсон Өмнөд Солонгосын талд саналаа өгөх аваас энэ нь боломжтой" гэсэн байна. Үүнийг Ж.Томпсон ч зөвшөөрчээ.
 
Тухайн үед Чон Мон Жүн ФИФА-гийн дэд ерөнхийлөгчээр ажиллаж байв. 2015 оны 10 дугаар сард тэрбээр 2018, 2022 оны ДАШТ-ийг зохион явуулах орнуудыг шалгаруулах явцад зөрчил гаргасны учир зургаан жилийн хугацаагаар хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхээ хасуулсан юм.  
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг