sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ВВС/. Дэлхийн талбайн теннисний од Серена Уильямс хөл хүнд зургаараа “Vanity Fair” сэтгүүлийн нүүрийг чимжээ.
 
С.Уильямс энэ оны нэгдүгээр сард болсон “Australian Open” тэмцээний өмнөхөн анхны хүүхдээ тээж байгаа гэдгээ мэджээ. Түүний нөхөр нь “Reddit” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Алексис Оанан юм.
 
Тамирчин бүсгүй “Vanity Fair” сэтгүүлд саяхан ярилцлага өгөхдөө “талбай дээр бэлтгэл хийж байхдаа гэнэт өвдөлт мэдрэгдэх хүртэл хөл хүнд болсон гэх ямар ч шинж тэмдэг надад илрээгүй. Харин миний нэг найз “Чи жирэмсэн болчихсон юм биш үү? гэж надад хэлээд, тестээр шалгаж үзэхийг зөвлөсөн” гэжээ.
 
Ингээд тэрбээр Австралийн нэгэн зочид буудалд дотуур хувцасны зураг авалтад оролцож байхдаа жирэмсний тестээр шалгаж үзсэн аж.
 
“Сорилын дүнг хараад эхэндээ би сэтгэл санаагаар унасан. Ээ бурхан минь! Ийм байж болохгүй ш дээ. Би тэмцээнд оролцох ёстой. Би одоо “Australian Open”-д яаж оролцох юм бэ? Би энэ Уимблдонд түрүүлэх зорилго тавьсан шүү дээ гэж бодож байсан" хэмээн тэрбээр ярьжээ. Таван удаа тестээр шалгаж үзэхэд тавуулаа “эерэг” гарсан аж.
 
С.Уильямс, А.Оанан нар 2015 оноос болзож эхэлсэн гэнэ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг