sonin.mn
ВАШИНГТОН./ТАSS/. Олон улсын хөлбөмбөгийн холбоог /ФИФА/ тойрсон авлигын дуулианд холбоотой АНУ-ын иргэн Чак Блейзер 72 насандаа нас барсан тухай AFP агентлаг мэдээллээ.
 
Тэрбээр ФИФА-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болон Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. 2015 оны 5 дугаар сард түүний өгсөн мэдүүлгийн дагуу хууль сахиулах байгууллагын ажилтнууд ФИФА-гийн өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ.
 
Одоогийн байдлаар ФИФА-тай холбоотой авлигын хэргээр 42 хүнийг мөрдөн шалгаж байна. АНУ-ын Хууль зүйн яамны үзэж байгаагаар, эдгээр сэжигтнүүд 24 жилийн хугацаанд нийтдээ 150 сая орчим долларын хахууль авсан ажээ.
 
2015 оны 7 дугаар сард Блейзерийг хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байна. Тэрбээр тухайн үед хорт хавдрын эмчилгээ хийлгэж байжээ.
 
Б.Адъяахүү 
Эх сурвалж: Монцамэ агентлаг