sonin.mn
"Дамбийжаагийн тоодгор" гэдэг хэлцийг та "Ичээнд нь" урансайхны кинон дээрээс мэднэ.Аманд нь орчих гээд хойно өмнө тогдогнож явдагийг ингэж хэлж байгаа харагдаг. Энэ жилийн наадмын торгон ногоон дэвжээн дээр ийм нэгэн "тоодгор засуул" шинээр төрөв. Хаанахын хэн, ямар санаатай хүн бэ? гэдгийг мэдэх хүн бараг байхгүй биз. Цолыг харин гайгүй дуудаж байх шиг байсан. Тэр "Тоодгор" энэ жилийн торгон ногоон зүлгийг гутааж, наадамчин олныг талцуулан, улмаар бухимдаж эгдүүцсэн олон юунд ч хүргэж болох байв. Тавын даваанд Улсын аварга Санжаадамба, Төв аймгийн арслан Ганжад хоёрын хооронд болсон барилдаан үнэхээр булхайтай боллоо. Залуу бөхөд буруу өгөөд ч яахав, хамгийн гол нь дэргэд нь бараг тулж зогсоо хоёр засуул, тэгээд хөлийн цэцээс хамаг хэрэг үүсэв. Ерөөс том цолтонг залуу бөх унагаахад бөөн баяр хөөр болдог, тийм л зүйл боллоо гэж бодов. Хоёр бөхийн шийдсэн мэхээр ойролцоо унасныг "Монгол телевизээр" дахин дахин харуулахад Ганжадын тохой гарцаагүй газар хүрсэн нь хаанаас харахад тодорхой байв. Гэтэл "Телевизээр шийдэхгүй" гэсэн мангуу дүрэм энэ дэлхийд байдаг юмуу? Олимп дэлхийн аваргын тэмцээнийг теле-дэлгэж хараад л яс хагалдаг. Ийм байсан бол асар их үнэтэй цайтай том дэлгэцийг суурилуулж юугаа хийнэ. "Дамбийжаагийн тоодгор" гэгчээр нэгэн сүрхий тоодгор засуул гарч ирэн "Санжаа чи яг эхэлж унасан, нөгөө бөхийн тохой хүрсэнийг хараагүй" гэж түмэн олны нүүрэн дээр аваргаас "нойтон хамуу" шиг хойно урдаас нь салахгүй чаргуулдав. Монгол бөхийн түүхэнд ингэж мөрөн дээрээсээ гаргасан, цолыг нь дуудаж мандуулж зассан бөхөө илэрхий чи унасаан гээд дайраад, давшлаад байсан түүх байдаг юмуу? мэдэхгүй. Үнэн байсан бол шударга нь дэндүү сайхан байлаа. Харин "Тоодгорыг " шагнаж, бөхийн ногоон дэвжээнд байнга гаргаж, цолыг нь ахиулах хэрэгтэй. Гэвч хэн гээч, хаанахын хүмүүсийн талын "Тоодгорыг" мэдэхгүй, улайран дайрсаар байв. Талбайд бөхчүүдийн хооронд ямар яриа болж байдгийг мэдэхгүй. Ийм нүдэн балай чихэн дүлий зүйлийг "Монгол телевиз"ийн хурц дайчин багийнхан өндөр технологийн ачаар олон нийтэд сонсгож чадлаа. Орчин үеийн сэтгүүлзүйн чадал чансаа, олны төлөө гэсэн мэдэх хэрэгцээг хангана гэж энэ. Аягүй бол бөхийн нууц тайллаа гэж сэтгүүлчдийг дайрах мугуйдууд ч гарч магадгүй шүү.Дэвшил бүхнийг хаах сонирхолтой улс бий. Ерөөс "Монгол телевизийн" бүтээлч, шуурхай дайчин, стандартлаг, зовхи нь өөдөө залуу сэтгүүлчийн багад баяр хүргэх ётой.
Энэ жилийн У.Хүрэлсүхээр толгойлуулсан Наадмын төв комиссынхон сайн ажилласан, надтай санал нэгдэх байх. Төв комисс хуралдаж, алдаа оноог сайтар шүүж тунгааж, сайшаахыг сайшааж, арга хэмжээ авахыг авах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд, одоо энэ Наадмын төв талбайгаа ядаж 1ОО.ООО хүний суудалтай болгож өөрчлөхгүй бол олны хэрэгцээ хангахаа байжээ. Бээжингийн нэг сүртэй биш, Их сургуулийн биеийн тамирын талбайгаас лав л 2 дахин бага юм билээ. 
Бөхчүүдийг үзэгч олныг талцуулсан ийм луйвар булхай ганц энэ "Дамбийжаагийн тоодгор" буюу тэр нэр мэдэхгүй нөхөр ч биш, алхам ч хүрэхгүй зайд зогсоод зассан хэрнээ шударга зөвөөр шийдэхгүй үзэгчдийг бухимдуулдаг явдал барилдаан болгонд гардаг. Энэ ганцхан торгон агшин нэг бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийснээрээ хорт муухай үйлдэл гэхээс өөр аргагүй. Ер нь Бөхийн Холбоо хөлийн цэц, засуулчдын талаар өөрчлөлт хийхгүй бол түмэн олноо талцуулж, бухимдуулаад, үймээн самуунд ч хүргэж магадгүй байнаа. Уурсах хэрэггүй, ухаарах хэрэгтэй. Японы Сумогийн шүүгчдээс үлгэр аваач. Тэнд нэг ч удаа хэрүүл маргаан болж байхыг сүүлийн жилүүдэд харсангүй. Хөлийн цэцийн хамгийг шийдэгчийг дан нэг аймгаас сонгосон нь туйлын буруу болов. Нутаг, нугын муухай үзлийг яалтай. Зарим аймгийн баяр наадамд өөр нутгийнханыг барилдуулахгүй гэдэг бүдүүлэгийн цаад бүдээлэг, мугуйдын цаад мугуйд асар харилхуу зан араншин гаргадаг гэж дуулдсан. Манай наадамд биш юмаа гэхэд цагаан сарын барилдаанд өвөрмонгол, тува, буриад, халимагийн бөхчүүд барилдсан ч яадаг юм.
Бараг 3 саяулаа үзсэн Төрийн наадмыг ингэж булхайцаж, луйвардаж, балмадаар хүч түрэн шийдэж байгаа юм чинь өөр цаана нь юу болдогийг эс мэдэх. Ганц бөх бишээ, уралдаан тэмцээн бүрийг ингэж шүүдэг.Ер нь шүүх чиглэлийн бүх зүйл шударга биш болчихжээ. ҮНЭН гээч юм үнс болон замхарсан. Урлаг уран зохиол, спортын бусад шүүх ажиллагаа үнэн зөв болно гэж бараг байхгүй. Тиймээс одоо яалтай. Хэндээ итгэх вэ? Аргаа бараад, Бурхан тэнгэр харж байгаа л гэдэг. Бурхан тэнгэр шүүх үү? Хэзээ энэ шударга бус самуун зүйл алга болох вэ?
Сүүлд нь хэлэхэд, ид жагссан залуу идэр аварга Санжаадамба маань ч юун төлөө олны итгэлийг хүлээсэн аварга цолтон билээ дээ, өөрөөс нь хамаагүй бага цолтой аймгийн арслантай нэг ч мэх хийлгүй, сунатлаа ноололдон зууралдаж хүлж баглаж зогсох нь даанч харамсалтай санагдсаан. Дамдин аварга шиг "Гарлаа давлаа" гэх тайлбарлагчийн бахархалт үгийг цэнгэлдэх хүрээлэнгээс сонсолгүй 5О гаруй жил болов оо, хөөрхий.Ид барилдаж яваа Аварга, арслан, гарьд, заанууд доор даваануудад сөхрөөд сөхрөөд өгөх юм. Бөхчүүд та нарыг монголчууд бид эрхлүүлсээр байгаад толгой дээрээ гаргасан. Хамаг байдгаа хоосортлоо өгдөг болсон. Айраг, сархадаа хичээж, дасгал сургуулиа тогтмолжуулах ёстой. Бөхчүүдээ дээдэлдэг шигээ билэгт оюут ухаантнуудаа энэ төр дээдлээсэй. Санжаажамцын энэ удаагийн учраа ямар аварга, арслангуудын аранга Сүхбаатарын Мөнгөнбаатар биш шүү дээ. Баасанхүү, Пүрэвгарьд зэрэг шижигнэсэн арслангууд шиг уран гоё мэхтэй, сийрэг урамтай барилдсан бөхөд л монголчууд хайртай. "Уяа бөхөд" бүр эртнээс хэзээний дургүй. Уяа бөхчүүд Манжийн үед зууралдсаар байгаад тавьж хоноод, маргааш нь бас үд хүртэл барилдсан түүх байдаг. Өнөөдөр арай тэр цаг биш байх шүү. "Унавал унаад, давбал даваад" эрмэг, зоригтой, ааглаж барилдахыг харахад урамтай сайхан. Засуулуудын дотор шилдэг нь байгаа л даа, байж ч харагдсан. Гэхдээ л "малгайны өлгүүр, теле-дурангийн хаалт" "эгдүүцлийн эзэн" "талбайн мануул" болсон нь цөөнгүй. Нэг ч мэхийг зааж хэлж өгөхгүй, нөгөө бөхийн өөг харчихдаггүй, эрч хүч өгдөггүй, малгайгаа ч тэгшхэн бариад явж чадахгүй будлиу засуулууд уурлаж, бухимдалгүй, өөрсөддөө дүгнэлт хийгээсэй. Бөхийн цолыг ч бүрэн гүйцэд дуудалгүй, алдаж онож л байдаг юм билээ.
Бөхийн засуул та нарын өмсөх дээл хувцас, малгай бүс зэрэг чинь нүдэнд дулаан өнгөлөг сайхан болж өөрчлөгдсөн ч тас, бүргэдийн харц мэт үнэн хурц хараа чинь бүүдгэр, "хайн хагалах" мэргэн ухаан, шударга үйлдэл тань бас мохоо болсон байна шүү гэдгийг давтан хэлэхэд илүүдэхгүй биеээ. Монгол бөхийн дэвжээ дүнжгэр, хийморьлог, ариун гэгээн үнэн шударга байх болтугай.
 
До.Цэнджав