МОСКВА./TASS/. Арабын зургаан орон 2022 онд болох ДАШТ-ийг Катараас өөр улсад явуулах шаардлагыг Олон улсын хөлбөмбөгийн холбоонд /ФИФА/ хүргүүлсэн байна.
 
The Local портал хуудсанд мэдээлснийг үзвэл, Саудын Арави, Йемен, Мавритани, АНЭУ, Бахрейн, Египет гэсэн зургаан улс дээрх шаардлага бүхий захидлыг ФИФА-д илгээжээ.
 
Захидалд өгүүлснийг үзвэл “Катар нь террористуудын бааз болж байгаа учраас хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй” гэсэн байна. Хэрвээ ФИФА шаардлагыг нь хүлээж авахгүй бол дээрх зургаан улс ДАШТ-ийг бойкотлох аж. 
 
Үүнтэй холбогдуулан ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэхдээ “эдгээр зургаан улс Катарт болох тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид болон тоглогчдын хувьд эрсдэл үүсч болзошгүй гэдгийг бидэнд анхааруулсан” гэлээ.
 
Сануулан дурдахад, ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Катар улс 2010 оны 12 дугаар сарын 2-нд авсан юм. Тэмцээнийг зохион байгуулах зардал 8-10 тэрбум болох төлөвтэй байгаа бөгөөд энэ мөнгөний ихэнхийг шинээр цэнгэлдэх хүрээлэн болон бэлтгэл сургуулилтын төвүүд барихад зарцуулж байгаа аж.
 
Катарын ДАШТ 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд тус улсын Доха, Лусаиль, Аль-Вакра, Аль-Хора, Аль-Райана, Умм-Салала болон Мадинат-аш-Шамаль гэсэн долоон хотод болно.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг