sonin.mn
Төрийнхөө  баяр наадамд шандаст хүлгийнхээ алтан тоосыг өргөж, тэр их баяр хөөрөөрөө нутаг нутгийн зүг  гэрэл асааж одох уяачдын гал Хүй долоон худгийн дэнжээс хөдлөх агшинд манай сурвалжлах баг нэгэн залуу уяачийг олж уулзан “Амьдралын тойрог” буландаа зочноор урьсан юм. Дэмбээгийн Гэсэрваань хэмээн өөрийгөө танилцуулсан тэрээр асуултад оносон ганц, хоёр үгээр даруухан хариулчихаад их төлөв чимээгүй байх. Нэлээд удаан ярилцаж байж  түүнийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, Төв аймгийн Баянцогт сумын суугуул, БНМАУ-ын хошой аварга, Монгол Улсын гавьяат малчин, алдарт уяач Бандийн Дэмбээ агсны хүү гэдгийг бид мэдэж авав. Гэрийн эзэгтэй Найдансүрэнгийн Уранбилэг Төв аймгийн Баянцогт сумын уугуул, мөн уяач хүний охин, багадаа хурдан морь унаж, эмэгтэй хүүхэд хэдий ч  адуугаа хариулдаг байсан  аж. Тэдний аав, ээж нь гэр бүлийн найзууд  байсан  гэнэ. Залуу хос хоёр  хүүхэдтэй, охин нь 11,  хүү нь гурван настай юм.
 
 
ТЭДНИЙХ ЖИЛ БҮР  ЗУРГААН НАСНЫ МОРЬ УЯДАГ
 
Нийтлэлийн баатар маань аав, ээжээс 12-уулаа. Долоон настай байхаасаа  хурдны морь унаж,  моринд хүнддэх болсон цагаас эхлэн адуу маллаж, аавдаа туслан морь уяж сурчээ. 1999 онд Төв аймгийн арван жилийн сургуулиа төгсөөд мал маллаж, морь уях хообийдоо хөтлөгдөн хөдөө гарсан гэнэ. 2001 онд анх сумынхаа наадамд хонгор даага айрагдуулж анхны айргаа авч магнай тэнийн баярлаж явсан бол түүнээс хойш улс, бүсийн наадамд  олон айраг, түрүү авч   урамшиж иржээ. 
 
Энэ жил Төв аймагт газрын гарц тааруухан орсон.  Цаг агаарын байдал гантай, морьд тамир муутай,  уяхад хүндхэн байсан учраас залуу уяач Говьсүмбэр аймаг руу нутаг сэлгэж, тэнд морьдоо уяж  зунтай золгожээ. “Наадам дөхүүлэн Хүй долоон худагт нүүж ирсэн. Жилийн жилд зургаан насны морь уядаг. Энэ жил ч мөн адил зургаан насанд сойлоо, морьд сайхан давхиад ирлээ. Гэхдээ наадам дуусаагүй, бүсийн наадмууд үргэлжлэх учраас морьдоо харна. Улсын наадамд уралдаагүй дан уяатай морьд ч бий” хэмээн тэрээр  хуучлав. 
 
Энэ жилийн  наадам  эрлийз морьдыг сайтар ялгаж зөвхөн монгол морьдыг уралдуулснаараа онцлог. Мөн бороо хур ховор, гантай учраас морь уяхад бэрхшээлтэй, уяачдын  ур чадварыг шавхсан наадам болов. Энэ талаар түүний сэтгэгдлийг сонирхвол “Наадам сайхан боллоо. Эрлийз, монголоор нь сайтар ялгалаа. Гэхдээ анхны жил алдаа, оноо байх шиг. Учир нь уяачдын маань унаган адуу, ганц нэг монгол үрээ, даага  хэлмэгдсэн тал байна. Үүнд уяачдын зарим бухимдалтай байна лээ. Бүтэн жилийн хөдөлмөрөө зарцуулсан улс аргагүй шүү дээ. Ер нь цаашдаа монгол адууныхаа  стандарт, жишгийг  нарийн гаргаж мөрдөх  хэрэгтэй болов уу” гэж байна. 
 
 
ХАНГАЙН БҮСИЙН НААДАМД МОРЬДОО СОЙЖ БАЙГАА 
 
“Бидний санахад танай хонгор шүдлэн 2013 онд Завхан аймагт болсон хангайн бүсийн наадамд түрүү магнай авч торгон жолоо өргүүлж байсан санагдана” гэсэн манай сэтгүүлчийн асуултад тэрээр “Тиймээ, тэр жил манайх түрүү авсан. Ер нь бол аавыгаа  байхад одоогоос 10 жилийн өмнө  улсад нэг түрүү, дөрвөн айраг авч байлаа” гэж байна. Бүсийн наадамд  одтой нааддаг, морь ч сайн хурдалдаг юм байна Энэ жил хаанахын бүсийн наадмыг зорих вэ гэхэд “ Аав маань Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул байлаа. Өврийн сайхан хангай  аавын маань төрж өссөн нутаг болохоор хангайн бүсийн наадамд  морио уяж уралдуулах дуртай. Энэ жил хангайн бүсээ зорино. Ахынхаа морийг уяж байгаа” гэлээ.
 
Үг дуу цөөнтэй нийтлэлийн зочин маань аав, адуу хоёроо ярихаараа нүд нь очтон гялалзах нь  ясны адуучин, уяач хүн л ийм байдаг байх гэсэн бодлыг  төрүүлж байлаа. Түүний аав БНМАУ-ын  хошой аварга, Монгол Улсын гавьяат  малчин,  алдарт уяач Бандийн Дэмбээ агсан анх аавыгаа дагаж  Төв аймгийн Баянцогт суманд очиж суурьшин адуу хэмээх амьд эрдэнэтэй хувь заяагаа холбосон  хүн юм. Энэ  тухай бидний үзэг нэгт “Өдрийн сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Дэмбээгийн Оюунтуяа маань “Аав маань анхны “Оч” нэгдэл гэж байхад нэгдлийн мянган адууг хариулж байсан гэдэг. Эмнэг догшин, занг нь мэдэхгүй тэр олон адууг хэрийн хүн адгуулж хариулж чадахгүй нь мэдээж. Ёстой эрмэг залуу насныхаа ааг хиймориор л нугалж явсан хэрэг. Хожмоо аав маань мянган цагаан хонь авч хариулсан байдаг. Олон жил хонь хариулахдаа зүгээр ч хариулсан болоод байсангүй. “Зуун эхээс зуун хорин хурга авч өсгөснийг нь үнэлэн...” хэмээн шагнал урамшуулал дээр нь зориуд тодотгон бичсэн байдаг юм. Үүгээр нь тооцоод үзэхэд лав улсдаа 16000 толгой хонь бэлдэж өгчээ. Миний аав ийм л ажилсаг хүн. Сумын сургуулийг хоньтой болог хэмээн олон хурга хандивлаж байхад аавыг маань зарим нь магтаж “дотуур байрны хэдэн хүүхэд гэдэс цатгалан байх нь” хэмээж байхад зарим нь зарсан бол овоо мөнгө болох байсан даа хэмээн толгой сэгсэрч байсан гэдэг. Ингэлээ гээд манайх дутаж дундраагүй ээ. Сумынхаа анхны мянгат малчин болж, аав өнөө л өгөөмөр зангаараа мал хуйгүй олон айлыг малжуулсан. Өөрийг нь гээд ирсэн хэнийг ч болов аав сэтгэл дундуур буцааж байгаагүй. “Хүнд хонь мал өгөх бол олигтойхон юм өгчихөж бай. Хүнийг сэтгэл дундуур буцаах дэмий байдаг юм” гэдэгсэн хэмээн тэнгэрт одсон ааваа санагалзан   дурссан нь бий. Ийм сайхан  ааваараа бахархаж, адуутай, хийморьтой  дурсамжаар хөглөгдөх нь хүүхдүүдийнх нь баяр баяслын нэг  болов уу гэж бодогдоно.
 
СҮХБААТАР, ДОРНОД АЙМГААС  АДУУ АВЧ МОРЬДЫНХОО ЦУСЫГ САЙЖРУУЛЖЭЭ
 
Морь уях эрдмийг  ааваасаа өвлөсөн хэмээн тэрээр дээр өгүүлсэн. Тэгвэл  хурдны морь уях бол аавынх  нь хамгийн дуртай ажил байсан гэдэг. БНМАУ-ын хошой аварга, Монгол Улсын гавьяат малчин, алдарт уяач Б.Дэмбээ агсан улс, аймаг, сумын түрүү, айргийн тавд хурдан хүлгүүдээ хурдлуулж байсан баялаг намтартай, зузаан түүхтэй уяач байв. Хурдан угшилтай,  хонгор голдуу адуутай  айл байсан бол  1978, 1979 оны улсын наадмаар аман хүзүүдсэн хурдан ажнай хүлгүүд нь  хонгор зүстэй байсан хэмээн  уяачид ам дамжуулан ярьцгаадаг. Харин сүүлийн үед  мал маллаж, морь уяж байгаа хөвгүүд нь  Сүхбаатар /Халзан адуу, Ширээтийн цагаан, Буган халиуны удам/, Дорнод /Өвгөн ноёны адуу, Тайж, Банди адуу г.м/ зэрэг зүүн аймгуудаас хурдан угшлын адуу авч морьдынхоо цусыг сэлбэжээ. Энэ талаар “Манайд ер нь  бүх л  хурдан угшлын адуу бий шүү” гэж Д.Гэсэрваань  хуучиллаа.
 
Төв аймаг том уяачдын өлгий нутаг. Тэр утгаараа өрсөлдөөн ч ширүүхэн. Манай нийтлэлийн баатарын хувьд өсч яваа залуу уяач. Нутгийнхаа уяачдыг хүндэлж, бас бүгдээс нь номын дуу сонсч,  арга туршлагаас нь сурч, суралцаж  яваагаа  дурсч байна. Д.Онон манлайнд л гэхэд адуугаа авч очиж нэг жил гаруй хамт байж, уяачийн эрдмээс суралцжээ.
 
 
 
Н.Уранбилэг: ХҮН ӨӨРӨӨ ХИЧЭЭВЭЛ ХӨДӨӨ АМЬДРАХ САЙХАН  
 
Адуучин хүн, уяачийн гэргий байх, ар талыг нь хариуцах амаргүй албыг залгуулж байдаг гэрийн эзэгтэй Н.Уранбилэгийн хувьд малчин, адуучин, уяач хүний охин болохоор хөдөөгийн амьдралыг сайн мэдэх нэгэн. “Миний хань дуу цөөнтэй, даруухан, нуруутай, түшигтэй хүн шүү” хэмээн  ханиараа бахархах зуур тэрээр “Бид 2014 онд сонгууль өгөхөөр явахдаа танилцаж байлаа” хэмээн дурслаа. Н.Уранбилэг ээж, ааваас зургуулаа. ШУТИС-ийн цахилгааны инженерийн ангийг төгссөн, ховор мэргэжилтэй бүсгүй  юм. Хөдөөгийн амьдралын тухайд тэрээр “Би багаасаа мал дээр, малчны гэр бүлд төрж, өссөн болохоор энэ амьдралдаа дуртай. Багадаа хурдан морь унаж, адуугаа хариулдаг байсан. Одоо охиноо хурдан морь унахыг хараад бага насаа дурсдаг юм. Сүүлийн үед малчид суурин амьдралыг илүүд үзэх болсон. Манайх зундаа нутаг сэлгэн нөхөр маань морио уядаг. Өвөлдөө Өлзийт хороололд өвөлждөг. Манай хүн болж өгвөл наадам алгасахгүй морьдоо уралдуулахыг хичээдэг. Энэ нь нэг ёсны ажил нь  юм. Ер нь залуу хүмүүс өөрсдөө хичээж, зорих юм бол хөдөө амьдрах бүх талаар сайхан”  хэмээн ярьж байна.
 
“Амьдралын тойрог” булан маань энэ хүрээд өндөрлөв. Залуу уяачийн,  хөдөөгийн эгэл жирийн залуу гэр бүлийн амьдрал, үзэл бодол, үйлс замнал харин  цааш үргэлжилнэ. Малчин удмаа дагаж, уяач аавынхаа үйлс замналыг үргэлжүүлж яваа манай нийтлэлийн зочдыг  дэнж хотойлгож нааддаг монгол наадмын хоймор, дэлхийн анирыг  туурайн төвөргөөнөөр мялааж байдаг адууны  хийморь   ямагт ивээж байх болтугай. 
 
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ  ХҮЙ ДОЛООН ХУДАГТ АЖИЛЛАСАН СУРВАЛЖЛАХ БАГ.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин