sonin.mn
ЛОНДОН./BBC/. Америкийн сагсан бөмбөгийн супер од Леброн Жеймс "АНУ-д хар арьстан байх хэцүү" гэж мэдэгджээ. Саяхан Лос-Анжелес дахь түүний гэрийн хашааны үүдэнд арьс өнгөөр ялгаварлан доромжилсон агуулга бүхий бичиг наасан байжээ.
 
“Чи ямар ч их мөнгөтэй, нэр алдартай байгаад нэмэргүй .... Америкт хар арьстан байхад хэцүү” хэмээн нэрт тамирчин Л.Жеймс хэлжээ.
 
“Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дэлхийд хэзээ ямагт байсаар байх болно, мөн ямагт Америкийн нэг хэсэг байх болно. АНУ-д нэн ялангуяа африк гаралтай америкчуудыг үзэн ядах нь бол одоо ердийн үзэгдэл. Африк гаралтай америкчуудыг эрх тэгш болгохын тулд манай нийгэмд дахиад олон зүйлийг хийх хэрэгтэй байна” гэж Л.Жеймс онцлон дурдсан байна.
 
Лос-Анжелесийн цагдаагийн газрын төлөөлөгч ВВС-д мэдээлснээр, Л.Жеймсийн гэрийн хашааны хаалган дээр наасан бичиг нь туйлын их доромжилсон утгатай байжээ.
 
Цагдаа нар гэмт этгээдийг олж тогтоохоор ажиглалтын камерын бичлэгийг одоо шалгаж байгаа ажээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг