sonin.mn
МАДРИД. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болсон Испанийн хөл бөмбөгийн супер цомын төлөөх тэмцээнд “Барселона”  багтай хийсэн эхний тоглолтын үеэр шүүгчийг түлхсэн “Реал Мадрид” багийн довтлогч Криштиану Рональду-д таван тоглолт өнжих шийтгэл ногдууллаа.
 
Хоёр шар хуудсаар торгуулсан учир нэг тоглолт, шүүгчийг араас нь түлхсэн учир дөрвөн тоглолт өнжих шийтгэлийг түүнд ногдуулах шийдвэрийг өчигдөр Испанийн хөл бөмбөгийн холбоо /RFEF/  гаргажээ.
 
Ням гарагт болсон Испанийн супер цомын тэмцээний эхний тоглолтонд “Реал Мадрид”-ынхан “Барса”-г 3:1 оноогоор буулган авсан юм.
 
К.Рональду тоглолтын 57 дахь минутанд сэлгээгээр орж ирсэн бөгөөд 80 дахь минутанд ялалтын гоолыг оруулсан байна.
 
Ялалтаа тэмдэглэн баярлах үеэрээ футболкоо тайлсан гэж шүүгч түүнийг шар хуудсаар торгосон байна.
83 дахь минутанд худлаа дүр эсгэн унасан гэж түүнийг дахин шар хуудсаар торгож, тоглолтоос хасчээ. Үүний улмаас К.Рональду тоглолтын ахлах шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, түүнийг араас нь түлхсэн гэнэ.
 
 
Испанийн хөл бөмбөгийн холбооны дүрмээр дээрх авирыг гаргасан тоглогчдод 4-12 тоглолт өнжих шийтгэл ногдуулдаг аж.
 
Өдгөө 32 настай К.Роналду 10 хоногийн дотор давж заалдах эрхтэй.
 
Тэрбээр мэргэжлийн хөл бөмбөгт хөл тавьснаасаа хойш 10 дахь улаан хуудсаа  ням гарагт авсан бөгөөд хоёр минутын дотор хоёр шар хуудас авсан гэнэ.
 
“Улаан хуудсаар торгосныг тэрбээр эсэргүүцээд, намайг араас түлхсэн” гэж шүүгч Рикардо Де Бургос Бенгоэчеа ням гарагийн тэмцээний дараа ярьсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг