sonin.mn
“Хамгийн шилдэг нь болно гэдэгтээ зуун хувь итгэлтэй байна... Нэг л өдөр болно... Болохдоо л болно, чи болсон хойно нь харна аа” гэж арав хүрэхгүй жилийн өмнөх, хамгийн анхны ярилцлагадаа К.Макгрегор өгүүлжээ.
 
…Дөрөвхөн жилийн өмнө тэрбээр орон нутгийнхаа нийгмийн халамжийн газрын бүртгэлд багтсан тарчиг амьдралтай нэгэн байлаа. Сантехникчийн ажил өөрт нь зохихгүйг ухаарсан тэрбээр ажлаа нэгмөсөн орхин, холимог тулааны урлагт бүхий л амьдралаа зориулахаар шийджээ. 
 
Энэхүү цагаас хойш тэрбээр UFC-д нэгэн зэрэг хоёр жингийн аварга болсон анхны тамирчин болсон төдийгүй “Тайм” сэтгүүлийн 2017 оны хамгийн нөлөө бүхий 100 хүмүүсийн нэрсийн жагсаалтад бичигдэж амжсан юм. Харин одоо тэрбээр UFC-г түр орхин, боксын талбарт бүх цаг үеийн хамгийн шилдэг гэгдэх Флойд Мейведертэй, урд өмнө хэзээ ч байгаагүй ихээр анхаарал татсан тулааныг тун удахгүй хийх гэж байна.
 
Оргүй хоосноос юу түүнийг ийм амжилтад хүргэсэн юм бол? Ямар ч л байcан, энэ бүхний үндэс нь эд хөрөнгө эсвэл ямар нэгэн тохиолдлын аз байгаагүй гэдэгтэй хэн ч маргахгүй. Үеийнхнийхээ адил түүнийг хэдэн жилийн өмнөөс өөрийн үлгэр дуурайл болгосны хувьд би түүний амжилт өөрийнх нь сэтгэлийн хүчтэй шууд холбоотой гэж хэлнэ. Тиймээс ч аливаа амжилтад хүний сэтгэл гээч шийдвэрлэх ач холбогдолтой тухайд монголчууд бидэнд суралцах зүйлс их бий гэдгийг хэлмээр байна. Макгрегорыг амжилтад хүргэсэн хоёр онцгой сэтгэл зүйн хүчин зүйлсийг би өөртөө итгэх итгэл болон өөдрөг үзэл гэж тодорхойлдог. Эдгээрийн тухайд К.Макгрегорын санаа бодлыг товчхон тайлбарлахыг хичээе…
 
 
1. Итгэл үнэмшил
 
К.Макгрегорын өөртөө итгэх итгэл олныг гайхшируулдаг. Хамгийн бахархууштай нь тэрээр ямар ч боломжгүй гэлцэж байсан нөхцөлд удаа дараа өрсөлдөгчөө амархан ялна гэж итгэлтэйгээр мэдэгдэж, хэлсэндээ үнэхээр хүрч байсан явдал юм. Хамгийн алдартай жишээнээс дурдахад, 10 жилийн турш нэг ч ялагдаагүй байсан UFC - гийн хөнгөн жингийн аварга Хосе Алдотой хүч үзэхийнхээ өмнө Макгрегор ‘Хосег 1 дүгээр раундад нойрсуулна’ хэмээн ярьсныг нь олон хүмүүс эгдүүцэн, ‘Макгрегор чадахгүй, худлаа гайхуулахаас цаашгүй’ гэлцэж байв. Ярьснаа үзүүлэх өдөр нь ирэхэд Макгрегор өөрийн хэлснээрээ аварга Хосег нэгдүгээр раундад буюу ердөө 13 секундийн дотор нокаутад оруулж чадсан билээ. 
 
 
Үүнийг гайхширсан нэгэн сурвалжлагч “Таны өөртөө итгэх итгэл хаанаас гарч ирдэг юм бэ?” гэж асуухад “Миний өөртөө итгэх итгэл ажлын этикээс гарч ирдэг. Ердөө л энэ” гэж Макгрегор шулуухан хариулж байв. Тиймээс Макгрегорын хувьд өөртөө итгэх итгэл нь хий хоосноос үүсээгүй, харин нөр их хөдөлмөрөөс, зогсоо чөлөөгүй урсгасан хөлснөөс нь бий болсон гэж ойлгож болох нь. Сэтгэл судлаачид ч гэсэн хүний өөртөө итгэх итгэл олон зүйлээс шалтгаалдгийг, тэр дундаа хамгийн чухал хүчин зүйл нь хүндрэл бэрхшээлүүдийг давж гарахад нь тусалж байсан өмнөх ‘ур чадварын амжилтууд’ буюу эерэг үр дүн, туршлага гэдгийг тогтоосон байдаг. Хүн хүндрэл бэрхшээлийг давах тусам ирээдүйн саад тотгорыг давах итгэл нь нэмэгддэг аж. Цаашилбал, хүн өөрийн ур чадвар, хүч чадалдаа итгэх итгэл үнэмшилгүй байх аваас өөрийн потенциалыг бүрэн гаргах, үзүүлэх боломжгүй… Тэр ч байтугай, өөртөө бат итгэлтэй л бол өөрөөсөө чадварлаг боловч өөртөө итгэл багатай хүнээс давуу байж чаддагийг эрдэмтэд тогтоожээ. 
 
2. Өөдрөг байдал
 
Макгрегор өөрийн хүрсэн амжилтаа Ронда Бернийн ‘Нууц’ номоос олж уншсан ‘таталцлын хууль’-тай тодорхой хэмжээнд холбоотой хэмээн өгүүлсэн нь бий. Энгийн үгээр тайлбарлахад, ‘таталцлын хууль’ нь бид муу, сайн зүйлсийг хэр ихээр бодож төсөөлнө, түүнийг амьдралдаа ямар нэгэн хэмжээгээр дуудсаар, бодит байдалд хэрэгжүүлсээр байдаг гэсэн үг. Азтай эсвэл золгүй тохиолдол гэж байхгүй, “Өнөөдрийн амьдрал чинь өмнөх бодлуудын чинь тусгал” гэж зохиолч Берн бичжээ. Үүний жишээгээр, Макгрегор нэгэн ярилцлагадаа “Юм сайхан байхад сайхан зүйлсийг төсөөлөх амархан… Харин юм бүхэн муухай байхад, сайхан зүйлсийг төсөөлөх хэцүү. Гэхдээ би үүнийг хийж чадсан юм” гэж ярьжээ. Түүнийхээр бол сайн, муу ямар ч нөхцөлд тууштайгаар өөдрөг байсан нь хүрнэ гэсэн холын зорилгодоо хүрэхэд том үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох нь. 
 
Гэхдээ, энэ номд тайлбарладаг шиг ‘Таталцлын хууль’ нь ямар нэгэн нууцлаг, хийсвэр далд хүчнээс хамаардаг гэсэнтэй би огтхон ч санал нийлэхгүй. ‘Таталцлын хууль’ чухам яагаад хэрэгждэгийг тайлбарлах өөр, энгийн логик учир шалтгаан байдаг гэж би боддог. Тодруулбал, өөдрөг хүмүүс гуниг гутралд анхаарлаа хандуулаад, шаналаад суудаггүй. Үүний оронд сэтгэл санаагаар тайван, уужим байж, өөрт байгаа гарц бололцоог илүү түргэн олж харж, хэрэгжүүлж чаддаг юм. Ингэснээр тэд амжилтад хүрэхэд цаг болон эрч хүчээ гутранги хүмүүстэй харьцуулахад илүү оновчтой зарцуулах боломжтой болдог. Үүнээс дүгнэхэд, К.Макгрегор бүтэлгүйтэл, саад бэрхшээл тохиолдоход гутрал, шантралд их энерги, цаг зав зардаггүй. Харин асуудлыг яаж шийдэж болох тухайд эргэцүүлж, тэр даруй шаардлагатай алхамуудыг хийж эхэлдэг ажээ.
 
 
Үүнийг нотлох өөр нэг тод жишээ бол, өөрийнх нь хамгийн том уналт болох Нэйт Диазтай хийсэн тулааны ялагдлыг хэрхэн давж туулсан явдал. Олны өмнө нүүр бардам ялна гэж зарлачхаад ердөө хоёрдугаар раундад боолгуулж ялагдсан нь түүний хувьд яах аргагүй гутамшигтай, ичгүүртэй явдал байлаа. Тулааны дараа, шүршүүрт орж костюм пиджакаа өмсөөд гарч ирэхэд нь нэгэн сэтгүүлч “Ийм ялагдлын дараа таны сэтгэгдэл ямар байгааг хэлнэ үү?” гэхэд Макгрегор намдуу боловч шийдмэг дуугаар, “Иймэрхүү зүйл үнэхээрийн хэцүү… Гэхдээ би өмнө нь олон ялагдлын ёроолд очоод эргээд гарч байсан болохоор ялагдлаасаа нүүр буруулахгүй, бас элдэв шалтаг тоочихгүй. Би болсон явдалд дүгнэлт хийнэ, тэгээд буцаад ирнэ ээ…” гэж хариулсан юм. Энэ нь миний хувьд К.Макгрегорыг хүндлэх шалтгааныг улам жинтэй болгосон бөгөөд ‘Ялагдлыг хэрхэн хүлээж авах нь ялалтуудыг дараалан байгуулахаас ч илүү агуу байж болох юм даа’ гэсэн бодлыг надад үлдээсэн.
 
Дүгнэлт
 
Түүний үзүүлсэн амжилтууд нь өөртөө итгэх итгэл болон өөдрөг үзэл хоёрынх нь үр дүн гэж би үздэг. Өөртөө итгэх итгэл нь уйгагүй хөдөлмөрийн тусгал, харин өөдрөг байдал нь асар их тэсвэр тэвчээрийнх нь баталгаа. Өдийг хүртэл хийсэн зүйлээрээ тэр, манай өнөөгийн бүхнийг мөнгөөр шийддэг капиталист нийгэмд хүний амжилтад, материаллаг зүйлсээс илүү, нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй аливаад хандах ХАНДЛАГА гэдэг зүйл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэдгийг сая сая хүмүүст харуулж, урам зориг өгсөн… Тиймээс ч өнөөдөр цаашдынх нь ялалт, ялагдлаас нь хамаарахгүйгээр залуус түүнийг хайрлаж хүндэлж, үлгэр дуурайллаа авсаар байх болно гэж би бодож байна. К.Макгрегор бол манай нийгэмд цагаа олсон үлгэр жишээ. К.Макгрегор бол түүхээс хэзээ ч арчигдахгүй од. Өнөөгийн Монголд залуус бид зорилгоо тодорхойлж, үүргээ ойлгоогүйгээс тэмцэж чаддаггүй, заавал бусдыг эсэргүүцэхдээ биш, өөрөө өөртэйгөө хийх тэмцэлд ялна гэдэг жинхэнэ ялгуусан ялалт байдгийг мэддэггүйгээс ядуурлын тухай тасралтгүй гомдоллож суугаа гэдгийг ойлгох цаг болжээ…
 
Өөрсдийгөө өөрчилцгөөе!…
 
Э.Цэнгэлсайхан