sonin.mn
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо өнгөрсөн наймдугаар сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, ялагчаар Д.Сумъяа, П.Орхон нар тодорлоо.
 
Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон  Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчид болов.
 
"Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж байгаа сэтгүүлчдийн саналтай нэгтгэж гаргасан дүн юм. Санал асуулгын дүнгээр өнгөрөгч сард төрсөн дэлхийн аваргууд манлайлж, анхны шилдгүүд болжээ.
 
Шалгаруулалтын дүн гарахтай зэрэгцэн Литвийн Клайпейда хотноо болж буй чөлөөт бөхийн армийн ДАШТ-ээс П.Орхон алтан медаль хүртэж, түрүүллээ. МҮОХ-ноос шилдгээр тодорсон тамирчдыг эх орондоо ирэхэд нь шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.
 
Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтыг МҮОХ-ноос сар бүр явуулах болсон.
 
Есдүгээр сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшигчид 10 дугаар сарын эхний долоо хоногт тодорхой болно. Санал асуулгын дүн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногт дуусч, шилдэг тамирчныг тодруулна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг