sonin.mn
Төрийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Засгийн газрын цом-2017” тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болж өндөрлөлөө. 2005 оноос 13 дахь жилдээ болж буй уг тэмцээнийг энэ жил Засгийн газрын Хэрэг эрхлэх газар амжилттай зохион байгууллаа.
 
Тэмцээнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нээж, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогын хүрээнд ард иргэдээ эрүүл чийрэг болгох үндсэн зорилтын хүрээнд энэ тэмцээнийг зохион байгуулдаг. Төрийн ажил, ачааг тархи, зүрхээрээ үүрч явдаг, төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид ойртон нэгдэх, нөхөрлөн дотносох боломжийг олгодгоороо энэ тэмцээн онцлогтой юм” гэв.
 
Тэмцээнд 14 байгууллагын 500 гаруй тамирчин спортын дөрвөн төрлөөр өрсөлдсөнөөс багийн дүнгээр Сангийн яам тэргүүлэн Засгийн газрын шилжин явах цомыг авсан бол удаах хоёр байр байранд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  орлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.