sonin.mn
Өнгөрсөн онд Бразил улсад болсон “Рио-2016” Олимпын наадамд Оросын хөнгөн атлетикчдыг оролцуулаагүй бол 2018 оны 2 дугаар сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн Олимпын XXIII тоглолтод оросуудыг бүтэн багаар нь оролцуулахгүй хасч байж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
 
Үүнийг спортын салбарт “хүйтэн дайн нэгэнт эхэлжээ” гэж шууд ойлгох нь өрөөсгөл бөгөөд хэт сүржигнэсэн хэрэг болох буй заа. Гэхдээ Оросын багийг Олимпод оролцуулахгүй байх магадлал нэлээд өндөр байгаа бөгөөд тамирчид улсынхаа нэрээр бус харин хувь тамирчнаар Олимпт оролцохыг үгүйсгэх аргагүй болоод байна.                                                                                                                                              
Ийм нөхцөл байдал үүсэх шалтгаан юу вэ? 
 
8 дугаар сарын 22-ны өдөр Сэргээшийн эсрэг үндэсний агентлагуудын хүрээлэн / INADO/ гэдэг байгууллага Оросын тамирчидтай холбоотой сэргээшийн дуулианыг нухацтай шалгаж, улмаар тус улсын багийг Олимпын тоглолтод оролцуулахгүй байхыг Олон улсын Олимпын хороонд хандан уриалж мэдэгдэл гаргаснаар уг асуудал улам хурцадсан байна.
 
Уриалгад АНУ, Их Британи, Герман, Франц, Япон, Швед зэрэг 17 улсын сэргээштэй тэмцэх агентлагуудын удирдлага гарын үсгээ зурсан аж.  Үүнээс хойш оросуудын хувьд байдал улам эвгүй болсоор байна. Тодруулж хэлбэл, 9 дүгээр сарын 27-ны өдөр ИНАДО-гийн уриалгад Бельги, Итали, Кени, Латви, Люксембург гэсэн 5 улсын сэргээшийн эсрэг агентлагууд нэгдсэнээр оросуудыг Пёнчанд очуулахгүй гэсэн байр суурьтай улс орнуудын тоо 38-д хүрлээ.
 
Оросуудыг ад үзэх болсны учир 
 
Бүх зүйл гурван жилийн өмнө дэгдсэн Оросын тамирчидтай холбоотой сэргээшийн дуулианаас улбаатай. 2014 онд Германы телевизийн “АRD” сувгаар гарсан нэгэн кинонд, Оросын хөнгөн атлетикийн тамирчдаас авсан сэргээшийн шинжилгээний сорьцыг өөр бусад хүмүүсийнхээр сольдог байсан тухай тамирчин Юлия Степанова ярьсан нь допингийн дуулианы эхлэл болсон байна.
 
2015 оны 11 дүгээр сард Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг болох WADA мэдэгдэл гаргаж, Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо /ВФЛА/, Оросын Сэргээшийн эсрэг агентлаг /РУСАДА/ нь Дэлхийн сэргээшийн эсрэг дүрмийг дагаж мөрдөхгүй байгааг буруушаажээ. Үүнтэй холбоотойгоор WADA-гийн үүсгэн байгуулагчдын зөвлөл РУСАДА-гийн гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн байна.
 
2016 оны 2 дугаар сард РУСАДА-гийн даргаар ажиллаж байсан В.Синев, Н.Камаев нар зүрхний шигдээсээр гэнэт нас барав.
 
Үүнээс төдий удалгүй 2016 оны 5 дугаар сард РУСАДА-гийн Москва дахь лабораторийн эрхлэгч асан Григорий Родченков “Нью-Йорк таймс” сонинд ярилцлага өгөхдөө, Оросын төр засгаас тамирчдынхаа сэргээшийн шинжилгээний хариуг нуух, сорьцыг өөр хүнийхээр солихын тулд өргөн хүрээтэй сэргээшийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан гэдгийг илчилсэн байна. Үүний сацуу тэрбээр Сочигийн Олимпын үеэр Оросын тамирчдаас авсан шээсний сорьцыг солих ажиллагаанд өөрийн биеэр оролцож байснаа хүлээн зөвшөөрчээ.
 
Родченковын ярьсан зүйл үнэн эсэхийг магадлан тогтоохын тулд WADA-гийн удирдлага Р.Макларенаар удирдуулсан комиссыг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Оросын эсрэг эдийн засгийнхаас гадна спортын салбарт хориг тавих болсон гол шалтгаан нь чухамдаа дээрх комиссоос гаргасан дүгнэлттэй холбоотой.
 
Канадын иргэн, спортын салбарын хуульч Ричард Макларены хувьд Лозанна хот дахь Олон улсын спортын арбитрын шүүхийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд сэргээштэй холбоотой олон хэргийг хэлэлцэн шийдвэрлэхэд оролцож байсан хүн юм.
 
Түүний удирдсан комиссын дүгнэлтэд дурдсанаар, 2011-2015 оны хугацаанд Москва дахь сэргээшийн шинжилгээний лабораторийн ажилтнууд сэргээшийн шинжилгээний хариу нь эерэг гарсан сорьцуудыг нууцаар солих ажиллагааг гүйцэтгэж байсан байна. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд энэ тухай тэд Спортын яаманд мэдэгддэг байсан ба яамны удирдлага тэмцээнд оролцох эрхээ хасуулах аюулаас тамирчдаа аврахын тулд “тусгай арга хэмжээ” авдаг байж. Ийм арга хэмжээний хүрээнд Сочигийн Олимпын өмнөхөн Оросын тусгай албаны ажилтнууд сорьцтой савыг онгойлгож, сорьцыг өөр хүнийхээр сольж хийх аргыг боловсруулсан байна. Үүнийг сорьцын саван дээрх зөвхөн микроскопоор харж болох жижигхэн зурааснууд гэрчилдэг. Ийм маягаар  “төрийн сэргээшийн хөтөлбөр”-т зуны спортын төрлүүдийн 84 хувь, өвлийн спортын төрлүүдийн 60 хувь нь хамрагдсан аж. 
 
Дашрамд дурдахад, Сочигийн Олимпт оролцсон Оросын баг тамирчид 13 алт, 11 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүлсэн билээ.
 
Р.Макларены илтгэлийн эхний хэсэгт дурдагдсан гол дүгнэлт бол: Төрөөс хэрэгжүүлсэн сэргээшийн хөтөлбөрийг ОХУ-ын Спортын яам, РУСАДА, Холбооны аюулгүй байдлын албаны /ФСБ/ удирдах ажилтнууд болон Москвагийн Сэргээшийн шинжилгээний лаборатори хянаж байсан. Орос дахь сэргээштэй тэмцэх тогтолцоог шинэчлэн өөрчлөх шаардлагатай.   
 
WАDА-гийн гурван шаардлага
 
Яг одоо үйл явдал хэрхэн өрнөж буйг ажиглацгаая. Оросын РУСАДА агентлагийн гишүүнчлэлийг сэргээх урьдчилсан нөхцөл болгож WADA-гийн зүгээс гурван шаардлага тавьсан байна. Юуны түрүүнд, Оросын тал Р.Макларены удирдсан хараат бус комиссын дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл, тамирчид сэргээш хэрэглэснийг нууж хаахын  тулд 2011-2015 оны хооронд төрөөс тусгай нууц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байсан гэдгээ Оросын удирдлага хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Гэтэл Ерөнхийлөгч В.Путинээс эхлээд тус улсын дээд удирдлагын зүгээс төрийн оролцоотой ийм хөтөлбөр хэрэгжиж байсан гэдгийг үгүйсгэсээр байгаа билээ. Тэгэхээр оросууд WADA-гийн энэ шаардлагыг хүлээн авах магадлал тун бага.
 
Гэхдээ оросууд сэргээшийн хяналтын тогтолцоогоо өөрчлөхийн тулд тодорхой алхмууд хийж байгаа аж. Тухайлбал, В.Путин ярихдаа “Бид сэргээштэй тэмцэх шинэ тогтолцоог бий болгож, түүнийг Спортын яамнаас салгаж хараат бус байгууллагын мэдэлд шилжүүлнэ. Бид Москвагийн Их сургуулийг түшиглэн лаборатори байгуулна. Өөрсдөө сэргээшийн хөтөлбөрийг зохион байгуулчихаад гадаад руу зугтаад алга болчихдог луйварчдыг тэнд байлгахгүй” гэсэн байна. Түүнчлэн Оросын засгийн газрын шийдвэрээр 2017-2019 оны хугацаанд РУСАДА агентлагт Оросын шигшээ багуудын сэргээшийн эсрэг үйл ажиллагаанд зориулж 1,6 тэрбум рубль төсөвлөсөн гэх мэт.
 
WADA-гийн тавьж буй хоёрдахь тулгалт бол, Москвагийн сэргээшийн эсрэг лабораторид байгаа сорьцуудыг WADA-д хүлээлгэн өгөх. Эдгээр сорьцуудыг Оросын тусгай хяналтын албаныхан шалгахаар лацдаад байгаа юм. Оросууд хэлэхдээ, сорьцуудыг ВАДА-д аль хэдийн хүлээлгэн өгсөн гэж байгаа боловч WADA “бүгдийг нь өгөөгүй” гэж мэдэгдэж байгаа аж.
 
Яг одоогийн байдлаар Сочигийн Олимпын наадамд оролцсон тамирчдын 300 орчим ширхэг сорьцыг Лозанна хот дахь WАDА-гийн лабораторид дахин шалгаж байгаа юм. Хамгийн гол нь эдгээр сорьцын саван дээр дахин онгойлгосныг гэрчлэх элдэв зураас, шалбархай байгаа эсэхийг нягталж байгаа нь “бохир шээс”-ийг “цэвэр шээс”-ээр сольсон эсэхийг шалгаж байна гэсэн үг.   
 
Р.Макларены эхний илтгэлд нэр нь дурдагдсан Оросын 96 тамирчнаас 95-ынх нь хувьд сэргээш хэрэглэснийг нотлох баримт байхгүй гэдгийг саяхан WADA мэдэгдсэн байна. Гэхдээ хоёрдахь илтгэлд Оросын 1000 гаруй тамирчны нэрс дурдагдсан байгааг хэлэх нь зүйтэй.
 
Оросуудад тулгаж буй гуравдахь шаардлага бол РУСАДА-д аудитын шалгалт оруулах. Ийм шалгалтыг 9 дүгээр сарын сүүлчээр хийсэн боловч дүнгийг нь одоо болтол танилцуулаагүй байгаа бөгөөд 11 дүгээр сарын 16-нд Сөүлд болох ВАДА-гийн зөвлөлийн хурлаар дүнг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа аж. Хэрвээ энэ хурлаар РУСАДА-гийн гишүүнчлэлийг сэргээх аваас энэ нь оросуудын хувьд тун нааштай алхам болох юм. Гэхдээ оросуудад дургүй хүмүүс элдэв шалтаг шалтгаан тоочин “новшроход” хүрвээс гишүүнчлэлийг сэргээх асуудлыг хагас жилээр хойшлуулахад л хангалттай. Хагас жилийн дараа гэхэд өвлийн Олимп аль хэдийн дуусчихсан байх болно.
 
Бодит байдал дээр бол, РУСАДА-гийн гишүүнчлэлийг сэргээх ба Оросын тамирчид Пёнчаны Олимпод оролцох гэсэн хоёр үйл явдлын хооронд шууд хамаарал байхгүй юм. РУСАДА-гийн талаарх шийдвэрийг WADA гаргана, харин Оросын шигшээ Олимпод оролцох эсэхийг ОУОХ  шийднэ.
 
Хэдийгээр Оросын тамирчдыг Пёнчаны наадамд оролцуулахгүй байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа боловч ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн гаргасан шийдвэрээр өвлийн Олимпоос алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая рубль, мөнгөн медальтанд 2,5 сая рубль, хүрэл медальтанд 1,7 сая рублийн мөнгөн шагнал олгохоор болсон байна.  
 
Үүний сацуу Пёнчанд алтан медаль авах найдлагатай 10 тамирчны нэрсийг Оросын цахим хуудсууд хэдийн нийтэлжээ. Тэдний дотор уран гулгагч Евгения Медведева, цаначин Евгений Устюгов, биатлонч А.Шипулин, тэшүүрчин Павел Кулижников, шорт трекийн тамирчин Виктор Ан нар байна.
 
ОУОХ-ны хүлээзнэх байр суурь 
 
ОУОХ-ны хувьд Оросын багийг Олимпод оролцуулах эсэх талаар ямар нэгэн эрс шууд мэдэгдэл хийхээс түдгэлзэж байна. Тус хорооны тэргүүн Томас Бах  “энэ асуудлыг дөгөөж дэврээмээргүй байна” гэж удаа дараа давтан хэлж байгаа юм.
 
Оросын багийн хувь заяа Бахын байр сууриас ихээхэн хамаарах бөгөөд тэрбээр он дуусахаас өмнө өөрийн байгуулсан хоёр комиссын илтгэлтэй танилцсаныхаа дараа шийдвэрээ гаргах ёстой.
 
Эхний илтгэлийг Швейцарийн өмгөөлөгч Денис Освальдын удирдсан комисс, хоёрдахийг нь мөн улсын нэрт улстөрч Самуэль Шмидийн тэргүүлсэн комисс бэлтгэн танилцуулах юм.
 
Освальдын хувьд, Сочигийн Олимпын үеэр авсан сэргээшийн шинжилгээний сорцуудыг “сольж хольсон уу” гэдгийг дахин шалгах бол Шмидийн хувьд сэргээшийн шинжилгээний хариу нь эерэг гарсан сорьцуудыг солиход Оросын эрх мэдэл бүхий хүмүүс оролцсон эсэхийг баримтаар нотлох аж.
 
Хэрвээ ОУОХ-ы зүгээс оросуудыг хяхаж хавчих бодлого баримталж байсан бол Оросын багийн өвлийн Олимпод оролцох эрхийг аль хэдийн хасчих байлаа. Харин Т.Бах ийм алхам хийгээгүй юм. Тэрбээр “Рио-2016”-гийн өмнө "Оросын тамирчдын эрхийг хасах асуудлыг тухайн спортын төрлийн холбоод нь шийдэх нь зүйтэй" гэсэн байр суурьтай байсан билээ.  
 
Хэдийгээр барууны орнуудын зүгээс ОУОХ болон WADA-д хүчтэй шахалт үзүүлсээр байгаа боловч оросуудын хувьд нөхцөл байдал бүхэлдээ ашиггүйгээр эргэжээ гэж үзэж болохгүй юм. Жишээ нь, 6 дугаар сард WАDА-гийн томилсон шинжээчдийн хяналтын дор сэргээшийн шинжилгээний сорьц авахыг РУСАДА-д зөвшөөрсөн байна. Энэ нь ээдрээтэй нөхцөл байдал оросуудын хувьд эергээр эргэж магадгүйг харууллаа.
 
Одоогоор ОУОХ-ны удирдлага өөрийн байгуулсан хоёр комиссын илтгэл бэлэн болохыг хүлээж байгаа гэдгийг дээр дурдсан. Тэгэхээр ямар ч тохиолдолд Оросын багийн оролцооны асуудал шинэ жилээс нааш шийдэгдэхгүй нь бололтой.  
 
Б.Адъяахүү 
Эх сурвалж: Монцамэ агентлаг