sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксчдод тив, дэлхий, олимпийн дэвжээнд хүчтэй, ур чадвар өндөр гэдгээ шударгаар дүгнүүлж, амжилтаа ахиулах сайхан боломж гарч буй мэдээ дуулгахад таатай байна.
 
Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ны ерөнхийлөгч Ву Чинг Куог үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус холбооны Сахилга батын асуудал эрхэлсэн комиссоос Швейцарийн Лозанна хотноо гаргажээ.
 
Тайванийн иргэн 71 настай түүнд хэд хэдэн зүйл ангиар “ял тулгасан” байна. Юуны өмнө AIBA бүрэн дампуурах дөхсөн. Одоогийн байдлаар 12 сая фунт стерлингийн өртэй байгаа аж. Мөн ОУСБХ-ноос өөрт хэрэгтэй шийдвэр гаргуулахын тулд Гүйцэтгэх хорооны хэд хэдэн гишүүнийг халах гэж оролдсон хэрэгт буруутгагдсан. Энэ талаар авч хэлэлцэх ёстой байсан AIBA-гийн ээлжит бус чуулганыг Ву Чунг Куо таслан зогсоох гэж санаархсан байна.
 
Рио-де-Жанейрод болсон олимпийн наадам болон AIBA-гийн том тэмцээнүүд нь шүүлтийн булхай, найраа, авлига дунд явагдсан нь ч Ву Куог халах үндэслэл болжээ.
 
 
 
2018 оны нэгдүгээр сард Дубайд болох чуулганыг хүртэл тус холбоог Европын боксын холбооны тэргүүн, AIBA-гийн дэд ерөнхийлөгч Франко Фальчинелли удирдах төлөвтэй байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг