sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Таеквондогийн Монгол Улсын шигшээ багийн болон Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ М.Түмэнбаяр олимпийн эрхийн оноо олгох Гран при тэмцээнд оролцохоор Лондон хотыг зорилоо.
 
Тус тэмцээн 10 дугаар сарын 20-22-нд болох бөгөөд даваа гарагт М.Түмэнбаяр дасгалжуулагч багш Хо Ин Ёны хамт эх орноосоо мордсон байна. Жилдээ дөрвөн удаа зохион байгуулдаг Гран при цувралын энэ жилийн гурав дахь нь юм.
Өмнөх хоёр нь Москва хот болон Марокко улсын Рабат хотуудад календарчилсан төлөвлөгөөний дагуу явагджээ. Харин энэ жилийн хамгийн сүүлийнх нь Кот д’Ивуар улсын хуучин нийслэл Абижан хотод 12 дугаар сарын 2,3-нд болох юм.
 
Уг цуврал Гран при тэмцээн нь олимпийн оноо олгодог учраас таеквондочдын хувьд энэ тэмцээн хамгийн нэр хүндтэйд тооцогддог байна. Лондонгийн Гран при-д цагаан хуудсаар орж байгаа орон нэг бол 56 орны тамирчид чансаагаар оролцох юм. Энэ 57 орны 213 тамирчин эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу олимпийн жингийн ангилалд өрсөлдөнө. Эдгээр тамирчдын хожил хожигдлыг 50 шүүгч дэнслэхээр Лондонд цуглажээ.
 
Эрэгтэй тамирчид 58, 68, 80, +80 кг гэсэн жингийн ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорих бол эмэгтэй тамирчид 49, 57, 67, +67 кг-д олимпийн онооны төлөө өрсөлдөнө. М.Түмэнбаяр нь анх Т.Солонго багшийн удирдлага дор “Нэгэн бүл” клубээс тамирчны гараагаа эхлүүлж байжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг