sonin.mn

Хүүхэд насандаа онц сурч, идэр насандаа жин тээж, бас барилдаж, ахимаг насандаа морь сойж, шүлэг тэрлэсэн тал талын авьяас, авхаалжтай нэгэн бол яахын аргагүй Далхсүрэнгийн Оросбат. Бие дааж ня-бо, эдийн засагчийн мэргэжлийг мөн л онц дүнтэй эзэмшсэн. Гаанс, хөөрөгний хоббитой шигээ гайгүй гэхээр өвөрмөц шүлэг бичдэг онцлогтой. Ганц би биш Та бас дүнгээ тавиарай.

 


Намайг бага залуу байхад манай нутагт (Говь-Алтай аймаг) Шарга сум наадамд түрүүлэх морийг үүлний өнгөөр мэддэг Ө.Балдорж, З.Ханджав, Ш.Хоохой гэж байлаа. Шар ах хэмээн авгайлдаг Ө.Балдорж нь манайхан дандаа нэг дор нутагладаг. Наадамд хамт морь уядаг байлаа л даа. 1969 онд тэр өвгөний дааган цагаасаа дандаа айраг түрүү авч байсан шийр алаг морь нь их насанд нийлснийхээ хойт жил дандаа л үзүүр түрүүнд үсрээд байлаа.

 

Урьд жил нь хэд үсэргэж зайгаад өнөө жил ч өөдтэй явахгүйнээ гээд больчихсон юм. Яг их насны морь явахын урьд шөнө нь бид хамт мориныхоо хажууд хонолоо. Үүр цайгаад нар гарахын өмнөхөн нар гарах зүгт шар ах өвгөн хормойгоо дэвсээд сөхрөөд суучихдаг юм байна. Би ч бага байсан шар ах яах гэж байгаа юм болоо гэж бодоод харж байсан чинь надад хэлж байна аа. За, миний хүү хүнд хэлэх юм биш. Ахын чинь алаг морь өнөөдөр хөл нь газар хүрч ч байгаа юм шиг үгүй ч юм шиг сайхан тасарч ирэх юм байна.



Тэр гэж нар гарах зүгт цуваа үүл аруулж байна. Үнэхээр л тоостой морьд шиг ,цуваа үүл байсан санагддагийм. Тэгэхээр нь би за миний хээр морь хэдэд явна гэж асуугаадахсан чинь, за тэгээд тохуу хийгээд эхэл. Энэ олон бараан морьдоос чиний мэнгэт морийг яаж ялгах юм гээд намжирдчихдаг юм байна.
Тэгээд ч би дуугүй боллоо.

 

Өглөө очоод сумын төв дээрээс морьдоо бүртгүүлээд гаргах гэж байхад Шар ахын алаг морь хүүхдээ булгиж хаяад нэг шаазан аяга хагалаад л гарлаа. Морьдоо гараа руу нь явуулчихаад бариа өөдөө арван хэдэн км явдаг юм. Явж байсан чинь нөгөө Дадиа хэмээх хатуухан чихтэй Ханджав өвгөн үст хээр гэдэг шар хээр морио гаргачихаад бас хурдалж байсан хар морио уначихсан ганцаараа яриад явж байна.

 

Тэгэхээр нь би юу ярьдаг юм байна гээд чимээгүй шиг араас нь жаахан дагаад чагнасан чинь. За, өнөөдөр шар ахын алаг ч гүйцэгдэхгүй ээ. Миний муу үст хээр ч айрганд байна аа хөөрхий гэсэн яриагий нь сонсож авчихаад аа тийм байна уу Дадиа миний мэнгэт хээр айрганд багтахана уу гэсэн чинь чиний шинэ жиймэл мэнгэт хээр ч энэ жилдээ арав дотор ирж байвал их юм гэж бод гэдэг юм байна.

 


Тэгээд л их насны морь барьдаг овооны ар гэдэг газар оччихоод хүн бүр л дурандаад байсан. Зарим нь том бараан морь тасарсан байна. Шадбэхийн сарт хүрэн юм уу даа л гэж байна Шадбэх бид нар ойр хамаатан нэг шонд морьдоо уядаг хүмүүс л дээ. Дурандаж байгаад аа яа яа Шар ахын алаг байна мөн ч хол тасарчээ. Манай сарт хүрэн зургаад, танай мингэт хээр аравт гарч ирж байна.

 

Одоо тэр чигтээ ирнэ ээ гээд бид урд хамар толгой дээрээс бууж морьдоо тосон авч хусахаар буулаа. Тэр наадамд Дадиа Ханджавын үст шар хээр гуравт ирж байлаа.
Бас нэг баримт нь бид мянга есөн зуун далан хоёр гурван оны үед аймгийн наадамд хэсэг морьдтой хэдэн гал болон явлаа. Тэр жил манай сумын морьд аймагт сайн ч үсэрч байлаа. Мөн л морь явах өглөө Шар ах өвгөн үүлээ хараад тоочиж байна аа.

 

Би хажууд нь сайтар сонсож байлаа. Хул юм уу халиун морь нэг бараан хоёр бараан гурван бараан гэчихээд Жигжидийн цоохор хондлойт (уг нь манай сумын Са.Чулуунхүүгийн морь л доо), миний алаг, Жагдалын халиун алаг гээд л эзний нэр морьны зүсээр уншиж байгаад больчихлоо. Тэгээд л өглөө морь гарган гаргатал бид залуу хүний дэврүүн сэтгэлээр дандаа л манай сумын морьд байх юм шиг Бумцэндийн хул, Нямаахүүгийн халиун, С.Тогтохын халиун гурвын нэг нь түрүүлэх юм байна.

 

Дараагийн гурван бараан морь Г.Үржинбатын хээр, А.Содын хээр, Владимирын шанхат хүрэн ч байж мэднэ. Тав дахь нь Жигжидийн цоохор, зургаа дахь нь шар ахын алаг долоодох нь Жагдал өндөр ахын халиун алаг гээд шар ах уншчихсан. Ер нь эхний 10 морь өрөөтэй юм шиг Шаргын морьд ирэх юм биш байгаа гэгчлэн цуурч байлаа.

 


Тэгээд л хэдхэн цагийн дараа шийдэх юм чинь гэж байтал морьд ч ирлээ. Н.Бумцэндийн хул түрүүлж, Г.Үржинбатын хээр хоёрлож, гурав дөрөвт аймгийн төвийн Раднаасэдийн хээр, Цагаанбаатарын муухай хээр, тавд Жигжидийн цоохор хондлой, зургаад Балдорж шар ахын алаг, долоод Жагдал өндөр ахын халиун алаг морь тус тус ирж байж билээ.

 

Тэгэхээр шар ах өвгөн их содныг нь хэлж болдог олон бараан морьдыг онож эздээр нь хэлж болдоггүй байсан юм шиг байгаа юм. Тэр жилийн аймгийн наадамд манай нутгийн Базарын Батмөнх арслан бөхийн барилдаанд түрүүлж морь бөх хоёрыг нь авч байлаа. Бас нэгэн баримт нь Шар ах өвгөн улсын алдарт уяач Д.Пүрэвдорж бид нар 1976 онд зэргэлдээ Төгрөг сумын ойд морьдоо уяж аваад явлаа. Бидний морьд сайн ч үсэрч байлаа.

 

Мөн л морь явахын өглөө шар ах өвгөн үүлээ хараад уншиж байна аа. Нэг бүгээн, хоёр бүгээн, гурван бүгээн, дөрвөн бүгээн, таван бүгээн гэчихээд их л сэтгэл нь гонсгор байгаа бололтой. За, хүү минь морьдондоо гэм болгочихгуй шиг буцах минь. Энэ сумын их насны морьдын уралддаг газар өгсүүр хол гэдэг жигтэйхэн юм.
Морь айрагдуулна гэсэн ойлголт байхгүй юм шиг байна.

 

Манайхны морьд амжихгүй, нутгийн газартаа дассан морьд л айраг түрүүнд ирэх юм байна гэж байна аа. Тэр өвгөний алаг морины нь байнд ирсэн нэг сайхан халтар морь тэр жилээ сумандаа долоолчихсон, тэндхийн их сунгаанд бас л эхний тав дотор ирж байсан хүмүүсийн тааварт айрагдана гэж орж л байсан. Манай сумын аймгийн арслан Б.Батмөнхий тэр жилээ аймагт түрүүлсэн цагаан морь, сумандаа хоёр ч түрүү авч байсан.

 

Т.Чойжамцын бор морь мөн аймагт түрүүлж байсан. Алдарт уяач Д.Түвдэндоржийн хул азарга хоёр сайн соёолонгоо дагуулаад гараад л тасардаг. Мөн сумандаа түрүүлсэн Далхаажавын халтар шүдлэн гээд сайн морьд олон л очсон л доо. Тэгээд л их насны морьд ирлээ. Нөгөө шар ах өвгөний уншаад байсан юу болдог юм бол гэж харж байсан чинь Төгрөгийн Өгөөмөрийн голын Д.Уртнасангийн бор түрүүлж, Д.Түмэн-Очирын бор хоёрлож, гурав дөрөвт Г.Ванчигийн халиун, Дашдоржийн халиун, тавд манай сумын Т.Чойжамцын бор гээд таван бүгээн морь ирж байлаа.

 

Нөгөө сунгаанд эхний тасарч ирж тааварт орж байсан Б.Батмөнхийн цагаан, Шар ах өвгөний халтар, С.Тогтохын халиун, миний жижиг хар энэ тэр 10-аас 20-ын хооронд л ирж байлаа шүү дээ. Харин Пүрэвдоржийн хул азарга хоёр соёолонтойгоо хол тасарч ирлээ. Д.Лхаажавын халтар шүдлэн тавлаж, бид нар хоёр түрүү гурван айрагтай буцаж байлаа л даа.

 

Мэргээр мэддэг Ш.Хоохой ажаа морьдныхоо уяаг жигтэйхэн тааруулж явуулчихаад өөрөө наадамд явалгүй чулуугаа таслаад архиа эргүүлээд сууж байдаг гэнэ л дээ. Нутгийн залуус их мэддэг ажаа гээд жаахан цаашлуулангуй шиг өнөө жил таны морьд ямар байна, хэний морь түрүүлэхнэ үү гэгчлэн тохуурхсан шинжээр асуусан чинь, за тэгвэл энэ наадам минийх гээд шарлахасгээд хэлчихжээ. Тэгсэн тэр наадамд хүү Тулгаа нь түрүүлж, зээ Ч.Ганширэм нь үзүүрлэж, хар саарал, халтар морь хоёр нь удаа ташаа ирж байсан гэж байгаа юм.


Ш.Мягмар

Эх сурвалж: "Бөх" сонин