sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боксын үндэсний шигшээ багийн тамирчид Японы Шизүока мужийн Шимада хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаад, өнөөдөр /2017.11.13/ эх орондоо ирж байгаа бөгөөд хагас жил шигшээ багаас хасагдсан 6 тамирчны шийтгэлийн хугацаа дуусчээ.
 
Монголын боксын холбоо 12 дугаар сарын 7-10-нд шилдэг тамирчдынхаа дунд тэмцээн зохион байгууна. Мөн 11 дүгээр сарын 19-26-нд Энэтхэгт болох эмэгтэйчүүдийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид оролцох юм. Өнгөрсөн гуравдугаар сард боксын шигшээ багийн зарим тамирчид цугларалтын үеэр бэлтгэлийн байрнаас гарч явсан шалтгаанаар Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү, Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нарын боксчдыг Үндэсний шигшээ багаас хассан.
 
Зургаан сарын хугацаа заасан шийтгэл дууссан бөгөөд энэ тамирчдыг шигшээ багт эргүүлэн авах боломж нээлттэй болсон. Үндэсний шигшээ багийн алба тамирчидтай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, шигшээ багийн харъяалалд багтах эсэхийг шийддэг болсон.
 
Харин энэ боксчдын асуудлыг шинэ онд шийдэх бололтой. Ирж буй 12 дугаар сард зохион байгуулах шилдэг боксчдын тэмцээний үр дүнгээс шигшээ багт сонгон шалгаруулах тамирчдын сонголтод гол нөлөө үзүүлнэ гэдгийг Монголын боксын холбоо онцолж байгаа юм.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг