sonin.mn
Монголын боксын холбоо, Монголын боксчид улиран одож буй 2017 онд дэлхий, тивийн медальтнуудыг төрүүлсэн чамгүй амжилттай ирж байгаа 2018 оноо угтаж байна.
 
Монголын боксчдын 2017 оны оргил амжилтаас дурдвал,  боксын насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д манай боксчид хүч үзэж ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар тивийн аваргын мөнгөн медаль хүртсэн бол гавьяат тамирчин Д.Отгондалай 60 кг-д, ОУХМ Б.Түвшинбат  69 кг-д тус тус хүрэл медалийн эзэд болсон. Тэд энэ амжилтаараа 2017 оны ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан билээ.
 
Харин Германы Хамбург хотноо болсон ДАШТ-д манай дөрвөн боксчин бүгд медалийн төлөө өрсөлдсөн боловч “Рио-2016” олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай ганцаараа хүрэл медаль хүртэж, олимп, дэлхийн хос медальтнаар тодорсон юм.  
 
Өнгөрсөн зургадугаар сард 28 дахь удаагийн “Улаанбаатар цом” А зэрэглэлийн  боксын тэмцээнийг Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт амжилттай зохион байгуулсан. Тус тэмцээнд 10 орон оролцсон бөгөөд манай боксчид 3 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж тэргүүн байр эзэлсэн.
 
Мөн Вьетнамын Хо Ши Мин хотноо эмэгтэй боксын Ази тивийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдөж ОУХМ М.Нандинцэцэг, О.Жаргалан нар хүрэл медалийн эзэд болов. Харин Тайванийн Тайпэй хотноо зохион байгуулсан эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 46 орны 424 тамирчин өрсөлдөхөд манай 12 тамирчин хүч үзэж 3 хүрэл медалийг эх орондоо авчирсан. Тухайлбал, 57 кг-д Эрдэнэт боксын клубын тамирчин М.Намуун, 54 кг-д Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын тамирчин Л. Ангараг, 48 кг-д Алдар спорт хорооны тамирчин М.Энхжаргал нар хүрэл медаль хүртсэн юм. Эдгээр томоохон тэмцээнээс гадна манай эмэгтэй болон өсвөр, залуу үеийн боксчид хилийн чанадад болсон олон улсын тэмцээнүүдээс олон арван алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.
 
Монголын топ спортын төрөлд багтдаг ширэн бээлийтнүүд ийнхүү шинэ залуу боксчдоор тасралтгүй сэлбэгдсээр байна. Энэ бүх амжилт нь сонирхогчдын боксын спортоор хичээллэгч хөвгүүд, охидын амжилтыг ахиулах, ур чадварыг дээшлүүлэхийн төлөө Монголын боксын холбоо болон нийт дасгалжуулагч багш нар маш санаачлагатай ажиллаж байгааг харуулсан том үнэлгээ  юм.
 
Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнтэй уулзаж манай боксчдын цаашдын төлөвлөгөө, зорилтын талаар сонирхсон юм.
 
-Манай шигшээ багийн тамирчид өнгөрсөн сард хилийн чанадад хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн байхаа?
 
-Тиймээ, 11 дүгээр сарын 3-13-нд хоёр талын байгуулсан гэрээний дагуу Япон улсын Шизүока мужийн Шимада хотноо тус улсын боксчидтой хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Бид Шимада хотын спорт цогцолбор баазад 10 хоногийн хамтарсан бэлтгэл сургуулилт хийсэн нь тамирчдад орчноо өөрчилж, өөр орчинд тохилог байранд, япон үндэсний хоол хүнс хэрэглээд, сэргэлтийн бэлтгэл хийсэн гэдгээрээ онцлогтой байлаа. Энэ нь бэлтгэл сургуулилтын төдийгүй бие сэтгэлийн хувьд сайхан сэргэлт, амралт болсон гэж бодож байна. Бид энэ хамтарсан бэлтгэлийг жил бүр уламжлал болгохоор гэрээ байгуулсан юм. Манай тамирчдын хувьд өнгөрсөн сарын сүүлчээр Дорнод аймагт болсон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит тэмцээнд оролцлоо. Нийт тамирчдын хувьд өргөн хүрээнд зохион байгуулсан энэ тэмцээн шинэ залуу тамирчдыг ур чадвараа ахиулахад чухал ач холбогдолтой болов. Энэ сарын 7-12-нд үндэсний шигшээ багийг бүрдүүлэх  шилдэг тамирчдын тэмцээнийг зохион байгуулж үндэсний I, II болон залуучуудын шигшээ багийн тамирчдаа сонгон шалгаруулна. Үүгээр манай боксчдын 2017 оны тэмцээн өндөрлөнө. Ирж буй 2018 оны хувьд гэвэл хамгийн том тэмцээн нь Индонез улсад болох Азийн зуны 15 дугаар наадам байгаа. Мөн ирэх онд манай шигшээ багийн тамирчид Казахстан, Узбекстан улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр  ярилцаж байгаа. Мөн Япон улстай хамтран ажиллах гэрээнийхээ дагуу тус улсын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх, ирэх оны 11 дүгээр сард Шимада хотод уламжлал ёсоор очиж хамтарсан бэлтгэл хийх зэрэг төлөвлөгөөтэй байна.
 
-Өнгөрсөн 6 дугаар сард сахилгын шийтгэл авч, тоглох эрхээ хасуулсан шигшээ багийн зарим тамирчдын шийтгэлийн хугацаа дууссан. Тэдний хувьд шигшээ багт орох боломж байгаа юу?
 
-Шийтгэл хүртэж, тоглох эрхээ хасуулсан шигшээ багийн тамирчдын шийтгэлийн хугацаа дууссан учраас эрхийг нь дахин сэргээх боломж байгаа. Бид энэ асуудлаар хурлаараа авч хэлэлцээд бэлтгэл сургуулилтаа хийгээд шигшээ багт орох шалгуурыг давж чадсан тамирчдыг одоо болох шилдэг тамирчдын тэмцээнд ямар амжилт үзүүлсэн гэдгээр нь дүгнэж, шигшээ багт авах асуудлыг шийднэ.
 
Тиймээ, Монголын шилдэг боксчдын тэмцээнийг Спортын төв ордонд 2017 оны 12 дугаар сарын 7-10-нд зохион байгуулна. “Капитрон” банкны нэрэмжит уг тэмцээнийг олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нарын шилдэг боксчид өнжихөөр болжээ. Харин 2012 оны Лондонгийн олимп болон 2009, 2013 оны дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Мөн тэмцээнд Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг, ОУХМ Г.Баярхүү, З.Шинэчагтага, М.Батбаяр, П.Сүхмягмар нарын энэ үеийн шилдгүүд хүч, ур чадвараа сорихоор мэдүүлгээ өгчээ.
 
Тэмцээн эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд шилдэг боксчдыг тодруулах бөгөөд энэхүү онц сонирхолтой тэмцээнд оролцох тамирчдын нэрсийг танилцуулж байна. 
 
Эрэгтэйчүүдийн 49 кг-д: Х.Энхмандах, Ө.Өнөрболд, Э.Сүхбат, Ц.Жамъянбат, М.Чухал-Эрдэнэ, Э.Сүх-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Ариунболд, 52 кг-д: М.Гандулам, А.Нурлан, Б.Цэндсүрэн, Э.Баярсайхан, Б.Буяндалай, Г.Ган-Эрдэнэ, Т.Энхтөр, Ц.Батнасан, 56 кг-д: Х.Энх-Амар, В.Төмөрхуяг, Ц.Мөнхбаатар, О.Тулга, Б.Жанцанпэрэнлэй, Б.Мөнхдалай, 60 кг-д: Б.Мишээлт, Н.Гансүх, Б.Төгөлдөр, О.Дөлгөөн, Э.Бат-Өлзий, Э.Цэндбаатар, О.Мөнхсайхан, 64 кг-д: Б.Чинзориг, Г.Баярхүү, З.Шинэчагтага, М.Батбаяр, У.Мөнх-Эрдэнэ, П.Сүхмягмар, 69 кг-д: О.Батзориг, О.Бямба-Эрдэнэ, Б.Сүххуяг, Б.Мөнх-Ирээдүй, Б.Гантулга, Г.Гантулга, 75 кг-д: Д.Давааням, Б.Эрхэмбаяр, Ш.Төрболд, Т.Ибрайм, Агарзандан, Р.Жоломан нар багтжээ.
 
Эмэгтэйчүүдийн 48 кг-д: О.Жаргалан, Ж.Нямсүрэн, Б.Нуржамила, Б.Мөнгөнсаран, О.Даваасүрэн, С.Осормаа, Б.Золжаргал, 51 кг-д: М.Нандинцэцэг, О.Энхмаа, Д.Хонгорзул, Л.Алтанцэцэг, М.Энхжаргал, Т.Номин-Эрдэнэ, 54 кг-д: Н.Оюун-Эрдэнэ, М.Гүндэгмаа, Э.Мичидмаа, М.Намуун, О.Лхагвацэцэг, О.Есүгэн, 60 кг-д: У.Шинэцэцэг, З.Уянга, Л.Ангараг, Г.Даваа, Т.Болортуул, П.Хулан, 69 кг-д: Б.Хонгорзул, О.Гэрэлгуа, М.Мягмаржаргал, Э.Эрдэнэтуяа, Б.Цэлмэг, Н.Ану тус тус тулалдахаар мэдүүлгээ өгчээ.
 
Дашрамд дуулгахад, Нийслэл хотноо боксын спортоор хичээллэгч хүүхэд, залуус Спортын төв ордны шигшээ багийн боксын заалнаас гадна “Хангайтан” /багш, МУГТ Х.Алтанхуяг, ОУХМ Эрдэнэбаяр/, “Ширэн Бээлий” / ОУХМ Д.Төрбат/ “Алдар” спорт хороо /гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр/ “Барселона” /ОУХМ Н.Мөнхсайхан/, “UB Pro boxing” /ОУХМ Даваацэрэн/, “One Team” /ОУХМ Ш.Ганбаатар/, “Аврагч” спорт хороо /МУГД  Д.Ганзориг/, “Хүч” спорт хороо /ОУХМ Б.Ганбаатар/, “Red Bulls” /СМ Мөнхжаргал/, “Хөдөлгөөнт бай” /СМ Чулуунбат/, СХД-ийн спорт хороо /ОУХМ О.Дэмбэрэл/, Баянгол дүүргийн Спорт хороо /ОУХМ Б.Энхтайван/, “Монгол мастер” /ОУХМ Д.Отгонбаяр/ зэрэг 20 шахам клубт боксын спортоор хүүхэд, залуусыг тогтмол хичээллүүлэн ур чадварыг нь ахиулж байна.
 
Мөн хөдөө орон нутагт боксын олон клуб үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тухайлбал, Дорнодын “Талын бүргэд”, Баянхонгорын “Бүргэд”  Хөвсгөл, Эрдэнэт, Дархан-Уул, Баян-Өлгий зэрэг олон аймагт боксын клуб тогтмол үйл ажиллагаа явуулж шинэ залуу, шилдэг тамирчдыг бэлтгэн гаргаж байна. Энэ олон клуб, спорт хороодын тамирчид жил бүр дотоодын болон хилийн чанадын тэмцээнүүдэд хүч, ур чадвараа сорьж байгаа нь Монголын боксчид жин тус бүртээ олон сайн тамирчдыг төрүүлэх ширүүн өрсөлдөөнийг бий болгож байгаа юм.
 
Тэдний дундаас тив, дэлхий, олимпийн ринг дээр цахиур хагалж гайхалтай ялалт байгуулах залуу халаа болсон шилдгүүд бэлтгэгдэж байгаа нв дамжиггүй. Монголын боксын холбооноос тив, дэлхийд шүүн дэнслэх шилдэг шүүгчдийг бэлтгэх асуудалд ч онцгой анхаарч байгаа билээ.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг