sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Олон улсын Олимпын хорооны Гүйцэтгэх хороо “Орос улсын шигшээ багийг Өмнөд Солонгосын 2018 онд Пёнчан хотод болох өвлийн Олимпын тоглолтод оролцуулахгүй” гэсэн шийдвэр гаргасан нь Оросыг “нурааж” чадахгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдлээ.
 
“Түншүүд”-ийн зүгээс хийж буй явуулгыг түүхэндээ бид олон удаа даван тэвчсээр ирсэн. Биднийг яагаад ч нураан мохоож чадахгүй. Дэлхийн дайнаар ч, Зөвлөлт Холбоот Улсыг хагалан бутаргаад ч, хориг арга хэмжээ аваад ч гэсэн биднийг нураан унагаж чадахгүй.  Бид даваад л гарах болно” гэж М.Захарова фейсбүүк хуудсандаа бичжээ.
 
“Шинэ үеийн тамирчид гарч ирснээр дэлхийн спорт манай тамирчдын амжилт ололтоор сэлбэгдэж ирсэн. Орос улс Олимпын наадмыг гайхалтай зохион байгуулсан. Спорт нь аажмаар үндэсний үзэл санаануудын нэг болж, энэхүү үзэл санаа нь манай улс дахь олон арван мянган спортын дугуйлан секц, шинэ цэнгэлдэх хүрээлэнгүүд байгуулагдсанаар биеллээ олсон билээ” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
 
“Сэтгэл өвдөж байна уу? Маш ихээр өвдөж байна. Яг одоо бид тамирчидтайгаа сэтгэл зүрхээрээ хамт байна. Үүнийг давж гарч чадах уу? Чаднаа” хэмээн Оросын ГХЯ-ны төлөөлөгч фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг