sonin.mn
Одоогоос долоон жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Монголын оюун ухааны академи асар богино хугацаанд чансаагаараа манлайлах тамирчдыг бэлтгэж, саяхан болсон ой тогтоолтын дэлхийн аваргад багаараа тэргүүн байрт шапгарч, бахдам амжилт гаргалаа.
 
“Сэтгэхүйн хурдыг эзэмшүүлж, оюуны хүрдийг дэлхийд таниулна” уриатай оюуны тамирчид дэлхийн аваргад оролцохдоо нас насны ангилалд медальт болон шагналт байрт орсноос гадна дэлхийн долоон дээд амжилтыг шинэчлэн тогтоож тэмцээний үеэр шуугиан тарьсан юм. Энэ жил дэлхийн аваргад оюун ухаанаа сорьсон тамирчдыг удирдан авч явсан Монголын оюуны ухааны академийн ерөнхий дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Баасандоржтой тус спортын хөгжил, амжилтынх нь талаар ярилцлаа. Монгол хүний оюуны чадавхийг хөгжүүлэх замаар сурах арга барилыг эзэмшүүлж, эх орныхоо хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг Монголдоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилготой энэ хамт олны хийхээр төлөвлөж буй ажил үйлсийнх нь тухай сонсоход гэрэл гэгээтэй мэдээллээр бялхаж байв.
 
-Монголын оюун ухааны академийн тамирчдын гаргасан амжилтын мэдээ ой тогтоолтын дэлхийн аваргаар буухиаллаа.
Хөгжил дэвшлээрээ онцгойрсон дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн тамирчдаас авьяас, уйгагүй хөдөлмөрөөрөө онцгойрч чадсан танай тамирчдад баяр хүргэе. Дэлхийд чансаагаараа тэргүүлж буй тамирчид энэ удаагийн тэмцээнд оролцсон нь улам сонирхолтой болгосон. Энэ байдал манай тамирчдад хэрхэн нөлөөлсөн бэ?
 
-Баярлалаа. Энэ жилийн дэлхийн аваргад 21 орны 130 гаруй тамирчин оюуны спортын 10 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Монголын баг тамирчид түүхэн амжилт тогтоосон онцлогтой тэмцээн боллоо. Азийн аварга шалгаруулах гэмцээнд 90 медалиас 70 гаруйг нь авч амжилтын буухиаг эхлүүлсэн.
 
Бид дэлхийн аваргаас багаараа медаль авч хараахан чадаагүй байсныг энэ жил гүйцэтгэлээ. Үүнийг тамирчдынхаа уйгагүй хөдөлмөр, бэлтгэл сургуулилтаа сайн хийсний үр дүн гэж дүгнэж байна. Мөн биднийг үргэлж дэмжиж, урам зориг өгдөг эцэг эхчүүдийн хамтын хүчээр дэлхийн аварга болсон. Хамгийн онцлууштай нь, өмнөх дэлхийн аваргын үеэр бага насны ангилалд өрсөлдөж байгаа тамирчид маань аварга болж чадаагүй байсныг энэ удаа шинэчилсэн. Бага насны ангиллын эхний гурван байрт манай тамирчид орсон нь бусдадаа урам зориг өгсөн үйл явдал боллоо. Мөн дунд насанд Монголын тамирчид манлайлдгаараа олон улсад танигдсан гэж хэлж болно.
 
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилал хамгийн өрсөлдөөнтэй болдог. Энэ удаагийн дэлхийн аваргад шилдэг арван тамирчин өрсөлдсөн нь бас үзүүштэй байлаа.
 
Дэлхийн чансаа өндөр тамирчидтай манайхан өрсөлдөж хоёр, гуравдугаар байрт шалгарсан нь Монголд оюуны спортын хөгжил ямар байгааг харуулсан гэж бодож байна.
 
-Ой тогтоолтын дэлхийн аварга болохын тулд тамирчин бүх төрөлд дээгүүр байрт шалгарах ёстой юу. Оноогоо хэрхэн цуглуулдаг талаар тайлбарлахгүй юу?
 
-Өмнө нь хэлсэнчлэн дэлхийн аваргад тамирчид 10 төрлөөр өрсөлддөг. Харааны болон сонсгол шалгасан эдгээр төрлийн нийлбэр дүнгээр аваргуудаа тодруулдаг. Тамирчин нэг төрөлд түрүүлж болно. Мөн бүх төрөлд сайн оролцож нийлбэр дүнгээр аварга болдог. Иймээс оюуны спортын тамирчин нэг төрөлд сайн оролцлоо гээд сэтгэл ханаж болдоггүй. Бүгдэд нь жигд сайн оролцсоны нийлбэр дүнгээр байр эзлүүлдэг.
 
Монголчууд оюуны спорттой танилцаад удаагүй байна. Харьцангуй хөгжиж буй спорт гэж хэлж болно. Биднээс “Та нар хэдэн мянган цифр тогтоогоод ямар хэрэгтэй юм бэ” гэж асуудаг. Үүний хариуд “Тэгвэл гүйлтийн тамирчин яагаад заал тойроод гүйгээд байдаг юм бэ” гэж асуумаар санагддаг юм. Жишээлж хэлэхэд, бид гүйлтийн тамирчинтай адил дасгал болгож тоо, хөзөр цээжилдэг. Оюуны спорт хүний амьдралд тодорхой дэвшил авчирдгаараа давуу талтай. Аливаа зүйлийг хурдан тогтоож, номыг маш хурдан унших боломжтой болдог. Спортын энэ төрлөөр хичээллэсэн хүн гадаад хэлийг хялбархан сурдаг.
 
-Тэмцээний 10 төрлөөс хамгийн хэцүү нь аль төрөл байв. Энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн амаргүй өрсөлдөгчтэй манай тамирчдаас хэн нь тулсан бэ?
 
-Хэдийгээр тэмцээнийг нас насны ангиллаар зохион байгуулдаг ч бүгд адилхан материал ашигладаг. Үүнээсээ хэн нь хэдийг цээжилснээрээ ялгардаг онцлогтой. Тэмцээний төрлийн хувьд бүтэн нэг цаг тоо цээжилдэг төрөл бий. Үүнийг оюуны спортын тамирчдын чадал чансааг шалгасан хүнд төрөл гэж үздэг. Энгийнээр бодоход хүүхдүүд 40 минут суухад ямар байдаг билээ. Гэтэл тэмцээний бага насны ангилалд оюун ухаанаа сорьсон есөн настай тамирчин Б.Энхлүүн бүтэн нэг цаг сууж тоо цээжлээд түүнийгээ буцааж санахад хоёр цаг зарцуулсан. Тасралтгүй гурван цаг сууж амжилт гаргадаг нь тамирчнаас ямар их тэвчээр, хөдөлмөр шаарддагийг харуулж буй хэрэг юм.
 
-Манай тамирчдаас долоо нь дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон гэсэн. Тэмцээний аль төрлүүдэд ийм амжилт гаргасан юм бэ? 
 
-Тэмцээний төрөл бүр өөр учир оноо болон хугацаагаар аваргыг тодруулдаг. Тиймээс заримаас нь дурдъя. Оюуны тамирчин өгөгдсөн хугацаанд аль болох олон зүйл цээжлэх ёстой. Дэлхийн аваргын нэг цагийн хугацаанд хөзөр цээжлэх төрөлд манай тамирчин Н.Мөнхшүр 34.5 багц хөзөр цээжилсэн. Энэ төрлийн хуучин рекорд 30 байсныг Н.Мөнхшүр маань амжилттайгаар шинэчлэн тогтоосон юм. Нэг багцад 52 ширхэг хөзөр байдаг. 1700 гаруй хөзрийг нэг цагийн дотор цээжлээд буцаагаад дарааллаар нь санах амаргүй. Зарим хүн үүнийг боломжгүй гэж хэлэх байх.
 
-Ийм амжилт тогтоосон тамирчдыг дэлхийн зарим сургууль урилгаар суралцуулдаг. Ер нь ой тогтоолтын өндөр чансаатай тамирчдад энэ мэтчилэн боломж нээлттэй байдаг уу?
 
-Монголын оюун ухааны академийн сурагчдын түрүүчээс дэлхийн томоохон их сургуульд тэтгэлэгтэй суралцаж байна. Энэ спортоор хичээллэсэн хүн ямар ч мэргэжил эзэмшсэн тухайн салбартаа манлайлагч болдог. Үүнийг манай сурагчдын жишээнээс харж болно. Мөн дэлхийн шилдэг компаниудад ажиллах урилга авч эхлээд байна. Яг одоогийн нөхцөлд оюуны спортын амтанд орсон хүүхдүүд сонирхлоороо хичээллэж байгаа. Тэд тэмцээнийхээ зардлыг өөрсдөө гаргадаг. Түүнээс биш ямар нэг ашиг хонжоо харж тэмцээнд оролцдоггүй. Бидний хувьд алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэх нь л хамгийн сайхан байдаг.
 
-Монголын баг тамирчид дэлхийн аварга болоход та чухал үүрэг гүйцэтгэсэн. Тамирчдынхаа бэлтгэлийг хангаж, тэмцээний үеэр оновчтой заавар зөвлөгөө өгсний дүнд дэлхийн шилдгээр тодорсон байх гэж бодож байна?
 
-Тэмцээн болохоос сарын өмнө нэгдсэн бэлтгэлд гардаг. Бусад цагт салбар бүртээ байнга бэлтгэлдээ явдаг. Энэ жилийн хувьд аймгуудад байгаа тамирчдаас шигшээ багаа бүрдүүлсэн. Бид өмнөх дэлхийн аваргын дараа зорилгоо тодорхойлсон. Тамирчид маань дэлхийн аварга болохын төлөө нэг жил бэлтгэлээ. Тэмцээний өмнөх сарын бэлтгэлээ тусгайлан амралтын баазад хийсэн. Тэгэхдээ 06.00-22.00 цагийн хооронд эрчимтэй бэлтгэл сургуулилтаа базаасан. Монголын оюун ухааны спортын тамирчдыг дэмжвэл бидэнд ямар их нөөц бололцоо байгааг үүнээс харж болно.
 
-Хувийн карьер хөөхийн оронд дасгалжуулагч болсон та сурагчдаа амжилтад , хүргэхийн тулд ямар аргаар хичээллүүлдэг вэ. Гаднын туршлагаас судалдаг уу?
 
-Хүүхэдтэй ажиллах хамгийн сайхан. Мэдээж хэцүү зүйл тулгарна.
Хүүхэд болгоны аливаа зүйлийг хүлээж авах байдал өөр. Тиймээс онцлогт нь тохирсон аргаар хичээлээ заадаг. Ганцхан би гэлтгүй Оюун ухааны академийн багш нарын заах арга зүй Монголын хөрсөн дээр буусан арга юм байна гэж боддог. Өөрөөр хэлбэл, Монгол хүнд хамгийн тохирсон аргаар бид хичээлээ заадаг учир манай академийн сурагчид дэлхийд нэрээ гаргаж чадаж байна. Оюуны спортыг бусад оронд хэрхэн зааж байна вэ гэдэг нь сонин. Хэдийгээр бид хэл соёлын хувьд ялгаатай ч цээжлэх гэсэн ганцхан аргаар оюунаа хөгжүүлж байна. Үүнээс мөн Монгол хүний потенциаль ямар өндөр байдгийг мэдэж болно. Бусад орны тамирчид бидний цээжилж байгаа системийг хараад гайхдаг. “Та нар үндсэн аргаа хэлээд өгөөч” гэдэг. Бид өөрсдийн аргаа хэлж өгдөг ч “Энэ аргаар цээжлэх боломжгүй” гээд гайхаад байдаг юм. Үүнээс бид зарим зүйлийг ажигласан.
 
Бид ой тогтоолтоор хичээллэж байгаа тамирчдаа хэзээ ч “хайрцагладаггүй”. Хятад улсын тамирчдыгхарахад тодорхой тооны цифрийг заавал цээжилсний дараа дараагийн үйлдлээ хийх боломжтой байдаг юм билээ. Харин бид сурагчдаа алдвал зэмлэдэггүй, алдаагаа дахиж давтахгүй байхад анхаардаг. Зорилгоо тодорхойлсон хүүхдүүдийг зоригжуулж, урамшуулснаар тэмцээний даалгавраа бүрэн биелүүлэх чадвар суудаг. Ингэж ажилласнаар тамирчдын чадвар хөгжиж байгаа юм.
 
-Оюуны спортоор хичээллэсэн хүүхдүүд унтаа байсан тархиа ажиллуулж байна гэж ойлгож болох нь ээ?
 
-Яг үнэн. Энэ спортыг үндэслэгч Тони Бьюзен гэж хүн байдаг. Бид энэ хүнийг “ой тогтоолтын загалмайлсан эцэг” гэдэг юм.
1980-аад оны сүүлчээрТони Бьюзен “Биеийн хурд хүчийг сорьдог спортын төрлүүд байхад яагаад тархины хурдыг шалгасан спортын төрөл байж болохгүй гэж” хэмээн бодсон гэдэг. Энэ нь ой тогтоолтын спортын үндэс суурийг тавих сэдэл төрүүлсэн. Бид ой тогтоолтын спортоор хичээллэж байна гэдэг нь тархиныхаа нөөц бололцоог сорьж байгаа хэрэг юм. 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хүний тархи 30 секундэд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг тогтоох боломжгүй хэмээн үзэж байсан. Гэтэл тухайн үед манай тамирчин “super brain” хэмээгддэг Э.Энхмөнх 28 секундэд нэг багц хөзрийг цээжилж 183 тамирчнаас нэгд орсон. Тухайн үед неврологичдын бурууг Монгол хүү баталлаа гэсэн. Гурван жилийн дараа буюу энэ удаагийн дэлхиин аваргын үеэр манай улсын 15 настай тамирчин Э.Лхагвадулам нэг багц хөзрийг 19 секундэд цээжилж дэлхийн чансааг шинэчиллээ. Жил өнгөрөх тусам бидний арга техник улам нарийсч, ой тогтоолтын спортын манлайлагч нь Монголын тамирчид болж чадлаа.
 
-Биднийг ярилцаж байх энэ цаг хугацаанд таны шавь нар 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд өрсөлдөж байна. Өндөр чансаатай тамирчид оюун ухаанаа сорьдог тус тэмцээний бэлтгэлийг хэрхэн базаасан бол?
 
-Биднийг ярилцаж байх энэ үед дөрвөн тамирчин маань тэмцээнээ үргэлжлүүлж байгаа. Тэмцээний сүүлийн төрөл эхэлсэн учир догдлоод л хүлээгээд сууж байна. Тамирчидтай байнгын холбоотой байдаг. Манай улсын дөрвөн тамирчны хоёр нь ихэр. Оюуны спортод маш хурдацтай гарч ирж байгаа ирээдүйтэй тамирчид бий. Тэд миний хамтран зүтгэгч Ө.Сэнгэсамдан дасгалжуулагчийн шавь нар юм. Тэмцээнд оролцож байгаа бас нэг тамирчин нь өсвөрийн дэлхийн аварга болсон Э.Лхагвадулам. Дархан-Уул аймгаас оролцож байгаа олон улсын мастер зэрэгтэй тамирчин юм. Дөрөв дэх нь миний шавь З.Цэцэгзул ой тогтоолтын спортоор олон жил хичээллэж байгаа тамирчдын нэг. Тэмцээний үеэр хамгийн гол нь сэтгэл зүйгээ хянах шаардлагатай. Тэмцээний үед нэг төрөлд тааруу оролцож болно. Хамгийн гол нь цаана нь дахиад есөн төрөл байгааг харж сурах нь чухал. Эхний тэмцээнд муу оролцлоо гээд гутарвал дараа дараагийн төрөлд амжилт гаргаж чадахгүй. Тиймээс тамирчдадаа өөрийгөө удирдаж сурах талаар зөвлөдөг. Энэ жилийн дэлхийн аваргад оролцсон бүх тамирчинд энэ талаар сайн ойлгуулсан. Тэр нь ач тусаа өгсөн гэж бодож байна.
 
-Сүүлийн хэдэн жилийн дотор ой тогтоолтын тамирчдын дунд өндөр шагналтай олон улсын тэмцээн зохиох болжээ.
Энэ нь нэг талаараа тамирчдад хувийн карьер хөөх боломж олгодог байх. Нөгөө талаар өндөр чансаатай тамирчдын солилцоо хийх алхам нээгдэж байгаа болов уу? 
 
-Оюуны спорт бага хугацаанд хурдан хөгжиж буй спорт юм. Дэлхийн аваргуудаа 26 дахь жилдээ шалгаруулж байна. Үүний зэрэгцээ тархины спортыг хөгжүүлэх зорилготой, өндөр бооцоотой тэмцээнийг зохион байгуулж эхэллээ. Ийм төрлийн эхний тэмцээн нь дэлхийн шилдэг 24 тамирчин өрсөлддөг халз тулаан юм. 2014 онд зохион байгуулсан тэмцээний анхныхад нь оролцож салхийг нь хагалж байлаа. Тэмцээний гол өрсөлдөөн Америкийн тархи судлалын үндэсний төв байранд болдог. Энэ тэмцээний хамгийн том амжилтыг манай улсаас өнгөрсөн жил Э.Энхмөнх үзүүлсэн. Аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон ч хэлний бэрхшээлээс шалтгаалан бүдэрсэн. Өндөр бооцоотой тэмцээнүүдийг сүүлийн үед Хятадад зохион байгуулж байна. Дэлхийн аваргын үеэр тус тэмцээнд оролцох урилгыг бидэнд өглөө. Энэ мэтчилэн өндөр бооцоотой тэмцээн зохион байгуулснаар ой тогтоолтын спорт тухайн улсад илүү хөгжих боломжтой. Манай тамирчдыг өөрийн орны нэр дээрээс оролцуулах санал ирсэн. Гэвч энэ бидний баримталдаг зарчим биш. Хэдий өндөр цалин аваад амьдрал сайжрах ч эх орноосоо өөр улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох хүсэл бидэнд байхгүй. Монголын оюун ухааны тамирчдад туслалцаа бага ч бид зорилгоосоо ухрахгүй.
 
-Та нэгэн ярилцлагад Монголын оюун ухааны академийнхан төрөлжүүлсэн сургууль нээхээр ярилцаж байгаа талаар дурдсан. Тэр ажил ямар шатандаа явж байгаа бол?
 
-Монголын оюун ухааны академи дэргэдээ цэцэрлэгтэй болсон. Ирэх жил бага сургуулиа нээхээр төлөвлөөд байна. Мөн 21 аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр ажлаа эхлүүлсэн. Он гаргаад салбарууд маань сурагчдаа авч эхэлнэ. Ой тогтоолтын спорт нийслэл төдийгүй орон нутагт хөгжих боломжтойг дэлхийн аваргад оролцсон тамирчид баталлаа. Тэгэхээр малчны хотноос оюуны олимпод эх орноо төлөөлөн оролцох хүүхэд гарч ирэх боломж өндөр байгаа юм. Мөн сургалтын системийг шинэчлэх, онлайн хэлбэрт оруулах тал дээр ч ажиллаж байна. Цаашдаа Монголынхоо тамирчдын чансааг гаргаж дээд, доод лигт хуваарилан тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ мэтчилэн тун удахгүй олон сайхан мэдээтэй эргэн уулзах байх.
 
-Монгол тамирчид дэлхийд чансаагаа тогтоолоо. Одоо бид өөрсдийн нэрэмжит олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах боломжтой болох байх. Академи энэ талд чиглэсэн ажил төлөвлөсөн үү? 
 
-Бидний хийж чадахгүй байгаа ганцхан зүйл энэ юм. Олон улсын тэмцээн зохион байгуулахад шагналын сангаас бусад бүх зүйл нь боломжтой байна. Олон улсын тэмцээний шагналын сан өндөр байж чансаагаараа дээгүүр эрэмбэлэгддэг тамирчдыг урьж оролцуулдаг. Мөн Монгол руу ирэхэд нислэгийн зардлаас эхлээд өртөг өндөр. Гэхдээ бид ирэх жилийн улсын баяр наадмаар олон улсын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөчихсөн байна. Бидний зүгээс шаардлагатай бүх зүйл бэлэн болсон ч хөрөнгө мөнгөний тал дээр гацчихаад байгаа юм.
 
-Оюуны спортын олон улсын тэмцээн зохион байгуулахад шалгуур заадаг. Энэ тал дээр хэрхэн ажиллах" вэ?
 
-Олон улсын нэг, хоёрдугаар зэрэгтэй шүүгч нартай бол тэмцээн зохион байгуулж болдог. Оюуны спортын олон улсын шүүгч дотроо дөрвөн зэрэгтэй. Монголын оюун ухааны академийн захирал, олон улсын шүүгч Х.Хатанбаатар багш хоёрдугаар зэргийн шүүгч. Миний хувьд нэгдүгээр зэрэгтэй. Ирэх жилээс зэргээ ахиулах бодол бий. Олон улсын шүүгч болсноор улсдаа тэмцээн зохион байгуулах эрхтэй болдог. Өөрөөр хэлбэл, улсын аваргын чансааг дэлхийнхэд оруулах эрхтэй болж байгаа хэрэг юм.
 
-Спортын энэ төрлийн чансаа өндөр тамирчдыг бооцоот тоглоомын газруудад нэвтрэхийг хориглодог. Энэ жагсаалтад манайхаас багтсан уу?
 
-Ой тогтоолтын тамирчдаас казинод орохыг хориглосон анхны тамирчин нь Доминик 0’Брайн. Дэлхийн найман удаагийн аварга энэ хүн 100 ам.долларын тэмцээнийг үзэж байна. Спортын энэ төрлөөр хичээллэсэн хүний тооцоолох чадвар өндөр болдог. Мөн нэг багц хөзрийг 20 секундэд цээжилж байгаа юм чинь магадлалын хуулийг үргэлжлүүлэн судалбал юу болохыг тооцоолохын аргагүй болно. Казиногийн хар жагсаалтад оюуны спортынхноос одоогоор ганцхан л хүн байгаа. Манай тамирчин Э.Энхмөнхийн хувьд биднийг урамшуулж хэлснийг арай буруугаар ойлгочихсон хэрэг. Ёс зүйн хорооны дарга Доминик 0'Брайн Э.Энхмөнхийг нэг багц хөзрийг 29 секундэд цээжлэхэд “Казинод орж тоглохгүй болж байна даа” хэмээн урамшуулан магтаж хэлсэн юм. Ер нь тамирчдаас маань “Та нар казинод тоглож байсан уу” гэж асуудаг. Манай тамирчид казинод тоглож байгаагүй, насанд хүрээгүй учраас оруулахгүй шүү дээ. Гэхдээ оюуны спортыг казино чиглэлээр хөгжүүлж байгаа тамирчин байдаг. Тэр нь манай улсад байхгүй.
 
-Оюуны спортын төрмөл тамирчин гэж бий юү?
 
-Монголчууд юм боловуу/инээв/. Аливаа зүйлийг богино хугацаанд цээжилж тогтоодог төрөлхийн чадвартай хүмүүс байдаг. Тэдний нэг нь амьдралынхаа 98 хувийг санадаг хүн байсан гэж үздэг. Тархинд нь 14000 ном багтдаг. “6250 дахь номын чинь 14 дэх нүүрэнд юуны талаар байгаа вэ” гэхэд үнэн зөв хариулдаг хүн байсан. Тэр хүн хэрвээ бидний ярилцахыг сонссон бол үг үсэггүй хэлэх байсан. Одоогоор оюуны спортын хувьд төрмөл тамирчин гараагүй байна. Тамирчдын уйгагүй хөдөлмөрийн дүнд амжилт гаргадаг. Хүн бүр энэ спортоор хичээллэх боломжтой нь хамгийн сайхан зүйл юм.
 
-Монголын оюун ухааны академийн бага насанд өрсөлддөг хамгийн залуу тамирчин хэдэн настай байна вэ?
 
-Олон улсын тэмцээнд оролцсоноор нь нэрлэвэл есөн настай Б.Энхлүүн байна. Энэ тамирчин найман настайдаа оюуны олимпоос хүрэл медаль хүртсэн. Энэ удаагийн дэлхийн аваргаас медаль аваагүй ч хувийн амжилтаа шинэчилсэн. Б.Энхлүүн таван настайгаасаа оюуны спортоор хичээллэж цээж бодолтын төрөлд анхлан тэмцээнд оролцсон ирээдүйтэй тамирчин юм. Түүнийг хэдэн жилийн дараа Монголын ой тогтоолтын шилдэг тамирчдын нэг болно гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.
 
-Нэг зүйлийг сонирхож асуумаар байна. Манай оюун ухааны тамирчид манлайлж гарч ирдэг ч хэсэг хугацааны дараа зорилгоо өөр зүйлд чиглүүлчихдэг нь харамсалтай. Тухайлбал, олон улсын тэмцээний шилдгээр дуудуулж байсан С.Цогбадрах, Э.Энхмөнх зэрэг тамирчин одоо хаана юу хийж байгаа вэ? 
 
-С.Цогбадрах Америкт сурч, ажиллаж байна. Оюуны спортын олимпын хошой аварга, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн ч одоо тогооч болохоор суралцаж байгаа юм. Энэ хүний хувьд тогооч болох мөрөөдөлтэй байсан. Магадгүй Монголын оюуны спортын тамирчдыг дэмждэг байсан бол спортоо орхихгүй байсан байх. Ажил хийнгээ бэлтгэлдээ явахаар тухайн тамирчны үзүүлэлт шууд буурдаг. Тиймээс С.Цогбадрах дараагийн мөрөөдлөө биелүүлэхээр сурч байгаа юм болов уу даа. Харин Э.Энхмөнх санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцдаг. Цаашдаа үргэжлүүлэн гадаадад суралцах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Багш хүний хувьд ийм байдал маш харамсмаар байдаг. Эдгээр тамирчин хэдийгээр өөр мэргэжлээр суралцаж байгаа ч сэтгэл зүрхээрээ бидэнтэй үргэлж хамт байдаг нь сайхан. Дэлхийн аваргын үеэр холбогдож өөрсдөө тэмцээнд оролцож байгаа юм шиг хүлээж авч байсныг сонсоход сайхан санагдсан.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин