sonin.mn
ВАШИНГТОН./СNN/. 2014 оны өвлийн Олимпийн тоглолтод медалийн тоогоор тэргүүлсэн улсын баг Пёнчанд очихгүй. Оросын багийн оролцоогүй болох энэ удаагийн наадамд бусад багуудын хувьд медаль авах магадлал өсч байгаа юм.
12 дугаар сарын 5-ны өдөр Олон улсын Олимпийн хороо тус улсын багийг 2018 оны өвлийн Олимпод оролцуулахгүй байх тухай шийдвэр гаргасан бөгөөд 2014 оноос өнөөг хүртэлх хугацаанд сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөний учир нийтдээ 13 медалиа хураалгасан Оросын баг дүнгийн хүснэгтэд 4 дүгээр байр хүртэл доошиллоо.
Гэхдээ буруугүй гэдгээ баталж чадсан Оросын тамирчдыг Өмнөд Солонгост болох Олимпод оролцохыг зөвшөөрсөн, харин тэд “Оросын Олимпийн тамирчид” гэсэн нэрийн дор оролцох юм.
Мягмар гарагт Швейцарийн Лозанна дахь Спортын арбитрын шүүхээс мэдэгдсэнээр, Олимпод оролцохыг нь хориглосон Оросын 42 тамирчин ОУОХ-ны шийдвэрийг эсэргүүцэн тус шүүхэд хандаж зарга үүсгэжээ.
Үйл явдал ийм байдлаар өрнөж буй үед өгөгдөл боловсруулдаг Gracenote гэдэг компани Сочигийн Олимпоос хойш болсон гол гол тэмцээнүүдэд тамирчдын үзүүлсэн амжилтад дүн шинжилгээ хийжээ. Үүний үндсэн дээр Олимпийн медалийн хүснэгтийг урьдчилсан таамаг байдлаар хийж, Оросын баг оролцохгүй байх нь ямар орнуудад ашигтай вэ гэдгийг тодорхойлсон байна.
Оросын баг оролцохгүй байх нь юуны түрүүнд германчуудад ашигтай тусах нь. Тэд тооцоолсноос 5 медаль илүү авах ба багийн дүнгээр тэргүүлэх аж. Норвегийн баг хоёрдугаарт орж, 4 медаль нэмж хүртэх бол Канад, Итали, Франц улс тус бүр 2 медаль нэмж авна. Харин Япон, Финланд, Их Британи, Голландын багуудын богцон дахь медалийн тоо тус бүр нэгээр нэмэгдэх ажээ.
Gracenote компанийн таамаглаж байгаагаар бол, Өмнөд Солонгосын тамирчид өвлийн Олимпийн түүхэнд урьд нь гаргаж байгаагүй өндөр амжилтыг үзүүлэх гэнэ. Тэд 10 медаль хүртэхээс 7 нь алт байх бөгөөд ингэснээр 6 алтан медаль хүртэж байсан өмнөх дээд амжилтаа эвдэх аж.
“Пёнчан-2018” Олимпийн тоглолтод Оросын тамирчдыг оролцуулах эсэх нь тодорхойгүй байгаа учраас Gracenote компанийн хийсэн медалийн хүснэгтэд “Оросын Олимпийн тамирчид”-ын авах медалийн тоог дурдаагүй байна.
Гэхдээ хэрвээ Оросын бүх тамирчдыг Олимпод оролцууллаа гэж бодоход тэд нийтдээ 19 медаль, тэдгээрийн дотор 4 алт, 6 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж, медалийн хүснэгтэд 6 дугаар байрт бичигдэхээр байна.
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг