sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо эхэлсэн Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын тэмцээний дөрөв дэх өдөр Их аварга Хакүхо, Кисэносато нар өрсөлдөгч нартай дахин дараалан унаж дуулиан тарилаа.
Өчигдрийн барилдаанд 72 дахь Их аварга Кисэносато Ичиножёод унасан бол өнөөдөр  Котошёогикүд унаж гурван унаатай болов. Харин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өмнөх өдөр нь Хокутофүжид унасан бол өнөөдөр Ёшиказед өвдөг шороодлоо. Ийнхүү энэ башёд нэг ч даваагүй байсан Котошёогикү, Ёшиказе нар шинэ оны анхны давааг Их авагуудыг хаяж авснаар Кинбоши шагнал хүртэхээр болов.
Дөрвөн башё алгасаад байсан 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд өнөөдөр нутгийн бөх Ичиножёотой барилдан ёрикири мэхээр ээлжит даваагаа авч башёг тэргүүлсээр байна. Түүний бэлтгэл тун сайн байгааг сумо бөхийн мэргэжлтэнүүд ихэд сайшааж байгаа юм.
Өнөөдөр Озэки Гойэдо, Хокүтофүжиг даван тэргүүлэгчдийн эгнээнд яваа бол Озэки Такаясү Точиношинд унан эхний унаагаа авлаа. Харин Сэкиваке Митаекүми өнөөдөр Такакейшогоор 4 дэх даваагаа аван тэргүүлэгчдийн эгнээнд явна.
Тамаваши Б.Мөнх-Оргил. Ооношод өвдөг шороодож хоёр унаатай болов. Араваши Э.Дөлгөөн өнөөдөр Эндод, Чиёошома Г.Мөнхсайхан Точиозанд тус тус уналаа. 
Макүүчид маргааш Хакүхо, Котошёогикүтэй, Кисеносато, Ёшиказетэй, Какүрюү, Чиёотайрюүтай, Гойёдо, Точиношинтой, Такаяасү, Хокүтофүжитэй, Тамаваши, Митакэүмитэй, Ичиножёо, Шодайтай, Араваши, Такарафүжитэй, Чиёошома, Кайсейтэй, Сококурай, Котоюүкитэй тус тус оноолт таарчээ. 
Жюүрёо зиндааны 5 бөхөөс Миторюү Б.Төрболд өнөөдөр эхний унаагаа авсан байна. Харин Дайшёохо Ч.Шижирбаяр нар дөрөв дэх даваагаа авч Жюүрёо зиндааг тэргүүлж байгаа юм. Азамарюү гурав дахь даваагаа авсан ба Кёкүшюүхо, Сэйро нэг даваа, гурван унаатай байна. 
 
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг