sonin.mn
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн Олимпын наадам БНСУ-ын Пёнчан хотноо эхлэхэд ердөө хагас сарын хугацаа үлдлээ.
Дэлхийн спортын 23 дахь удаагийних цугларалтад 92 орны 3000 гаруй тамирчид оролцож, 102 багц медалийн төлөө уулын цана, биатлон, бобслей, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, чөлөөт цана, хоккей, лүүж, шорт трейк, скелетон, гүйлтийн тэшүүр, цанын харайлт, сноуборд, нордик комбинед гэсэн нийт 15 спортын төрлөөр оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорих гэж байна.
Энэ удаагийн Олимпын бэлгэ тэмдэг нь хар баавгай, цагаан бар хоёр ажээ. Солонгосын үлгэр домогт цагаан барыг итгэл найдвар, өмгөөлөн хамгаалах хүчний бэлгэ тэмдэг гэж үздэг бөгөөд түүний нэрийг "Soohorang" /Сохоран/ гэнэ. Харин Азийн хар баавгай бол эрх чөлөө, эр зоригийг илэрхийлдэг амьтан юм.
Өвлийн Олимпын тоглолт өмнө нь Ази тивд ердөө хоёрхон удаа буюу Японы Саппоро /1972 он/, Нагано /1998/ хотуудад болж байжээ. Энэ удаад БНСУ өвлийн Олимпын эрхийг авсан Ази тивийн хоёрдахь улс болж байна.
Үүний сацуу өвөл, зуны Олимпыг хоёуланг нь зохион байгуулах эрхийг авч чадсан дэлхийн 8 дахь улс боллоо.
Олимпын хот Пёнчан Өмнөд Солонгосын Канвон мужид оршдог ба яг ийм нэртэй муж Умард Солонгост мөн байдаг. Учир нь, Солонгосын дайны дараа тэр үеийн Канвон муж хоёр хэсэгт хуваагджээ.
Хоёр Солонгосын хооронд харилцан ойлголцлыг бэхжүүлэх үүднээс Умард Солонгосын Канвон муж дахь “Масик” гэдэг цанын баазад Олимпын наадмын зарим уралдаан тэмцээнийг явуулъя гэсэн санал гарч байжээ.
Түүнээс гадна, Пёнчан хотод чарганы /бобслей/ зам байхгүй учраас Наганогийн Олимпын үеэр ашиглаж байсан трасс дээр тэмцээнийг хамтран зохион байгуулъя гэсэн саналыг япончууд тавьж байсан гэнэ. Харин “Пёнчан-2018”-ын Зохион байгуулах хороо уг саналаас татгалзсан байна.
 
Эвлэрэл дулаарлыг авчрах өвлийн Олимп
 
Энэ удаагийн Олимпын наадам Солонгосын хойгт эвлэрлийн эхлэлийг тавилаа хэмээн дүгнэн хэлж болно. Учир нь, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “манай улсын тамирчид Олимпод оролцох хүсэлтэй байна” гэж мэдэгдсэн билээ. Үүний дараа БНАСАУ-БНСУ-ын төлөөлөгчдийн уулзалт болж, ОУОХ-той тохиролцсоны дагуу Умард Солонгосын 22 тамирчин, 24 албаны хүнийг Пёнчаны наадамд оролцуулахаар шийдвэрлэсэн ба хэвлэл мэдээллийн 21 ажилтан сурвалжлахаар болсон байна.
Түүнээс гадна, Олимпын наадмын нээлт болон хаалтын ёслолд БНАСАУ, БНСУ-ын баг тамирчид нэг далбаан дор оролцохоор болсон нь ойрд сонсогдоогүй содон мэдээ юм. Хамгийн сүүлд хоёр Солонгосын баг тамирчид  2006 онд Италийн Турин хотод болсон өвлийн Олимпын наадмын нээлтэд Солонгосын хойгийг дүрсэлсэн далбаан дор хамтдаа жагсч байв. 
 
 
Мөн хоёр Солонгос улс Олимпын наадмын эмэгтэйчүүдийн шайбтай хоккейн төрөлд хамтарсан баг оролцуулахаар болжээ.
Үүний зэрэгцээ Умард Солонгосын тал Пёнчан руу 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчдийн баг, 140 хүнтэй найрал хөгжмийн хамтлаг, түүнчлэн поп хөгжмийн “Моранбон” хамтлагийг илгээх гэж байна.
 
Олимпын зардал
 
Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн ярьснаар бол, “Пёнчан-2018”-ыг зохион байгуулахад 9 тэрбум долларын зардал гарч байгаа аж. Үүнээс 2 тэрбумыг нь Олимпыг зохион байгуулахад, 7 тэрбумыг нь спортын байгууламжууд барих, тээврийн дэд бүтцийг бий болгоход зарцуулаад байна. 7 тэрбум гэдгийг харьцангуй бага мөнгө гэж үзэж байгаа бөгөөд учир нь, Пёнчан хот 2010 болон 2014 оны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байх үедээ Олимпын байгууламжуудынхаа ихэнхийг нь барьчихсан учраас өдгөө үнийн хувьд хямд төсөр тусч байгаа гэнэ. Харьцуулахад, өмнөх “Сочи-2014” Олимпын наадамд оросууд 26 тэрбум доллар зарцуулсан гэсэн тоо бий.  
Дашрамд дурдахад, Пёнчан бол Дэлхийн өвлийн Тусгай Олимпын  тоглолтыг  2013 онд зохион байгуулж байсан туршлагатай хот билээ. Тусгай Олимп гэдэг нь оюун ухааны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс оролцдог спортын тоглолт юм.
Олимпод бэлтгэх ажлын хүрээнд нийслэл Сөүл хотыг Пёнчантай холбосон хурдны галт тэрэгний замыг 3,7 тэрбум доллароор барьсан нь хамгийн том бүтээн байгуулалт болж байна. Зам барихаас өмнө хоёр хотын хооронд явахад 2 цаг 30 минут зарцуулж байсан бол одоо ердөө 68 минутанд зорчих боллоо. 
Дашрамд дурдахад, нээлтийн ёслолыг зардал чирэгдэл багатай хийхээр төлөвлөж байгаа бөгөөд шоу үзүүлбэрүүдэд 2000 орчим жүжигчид оролцох гэж байгаа нь түүхэнд хамгийн цөөн хүний бүрэлдэхүүнтэй баг юм. “Хүний олноор зодсон” нүсэр том шоунаас татгалзаж, технологийн ололт дэвшлийг түлхүү ашиглана гэдгээ зохион байгуулагчид хэлж байна.
 
Зохион байгуулагчдын спортын амбиц
 
Өмнөд Солонгосчууд 1998 оноос эхлэн өвлийн Олимпын тоглолтуудад оролцож байгаа ажээ. Тэд 2010 оны Ванкуверийн Олимпод 6 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багийн албан бус дүнгээр 5 дугаар байрт шалгарсан нь оргил амжилт нь юм. Харин Сочид базаахгүй өрсөлдөж, 8 медаль авч, 13 дугаарт орж байжээ.
Одоо харин нутагтаа Олимпыг зохион байгуулж буй өмнөд солонгосчууд Сочигийн бүтэлгүйтлээ засч залруулахын тулд “Пёнчан-2018”-д 20 медаль, түүний дотор 8 алтан медаль авч, багийн дүнгээр 4-т шалгарна гэсэн “том амбиц”-аа нуухгүй байна.
Шорт-трек бол Өмнөд Солонгосын багийн хувьд медаль хамдаг гол төрөл бөгөөд гүйлтийн тэшүүрийн төрөлд эмэгтэйчүүддээ ихээхэн найдлага тавьж байгаа аж. Эдгээр хоёр төрлөөс гадна керлинг, скелетон, биатлон, фристайл, сноубордингоор медаль авахаар төлөвлөж байгаа гэнэ.
Харин медаль авах боломжгүй бусад төрлөөр улсынхаа нэрийн өмнөөс гадаадын тамирчдыг оролцуулахын тулд тэдэнд Өмнөд Солонгосын иргэний харьяалал олгож байгаа аж. Тухайлбал, АНУ болон Канадын хэд хэдэн иргэн Өмнөд Солонгосын шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглох бол Норвегийн залуу биатлонч Магнус Ким БНСУ-ын иргэн болжээ. Мөн Оросын уран гулгагч Кирилл Минов 2012 оноос хойш Өмнөд Солонгосын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байгаа юм.
 
   Африкчууд болон афганчууд Пёнчаныг зорино 
 
Сочигийн Олимпод Африк тивийн Того болон Зимбабве улсын цаначид оролцсон бол тэдний буухиаг үргэлжлүүлэн Уганда улсын сноубордчин Бролин Мавеже, Нигери улсын эмэгтэй чаргачид өвлийн Олимпын наадамд анх удаагаа оролцох гэж байна.
Африкчуудаас гадна зуны Олимпод 13 удаа оролцож, 2 хүрэл медаль хүртэж байсан Афганистаны тамирчид түүхэнд анх удаагаа өвлийн Олимпод оролцох гэж байна. Тэд бол уулын цаначид болох Саед Алишах Фарфанг, Сайад Хусаини нар юм.
 
 
Афганчууд Олимпод оролцохоор болсон нь мэдээжийн хэрэг сонин мэдээ, харин Нигери улсын гурван эмэгтэй чаргачин Пёнчанд өрсөлдөх сонгон шалгаруулалтыг давсан нь хүмүүсийг мэл гайхахад хүргэв. Хамгийн сонирхолтой нь, Олимпод оролцохдоо өмсөх спортын хувцас, хэрэгслээ худалдан авах мөнгийг Нигерийн тамирчид crowdfunding буюу олон нийтийн хандиваар босгосон гэнэ. Интернэт сүлжээгээр нийтдээ 75 мянга орчим доллар цугларсан аж. 
 
Америкийн тамирчид сансрын нисэгчийн хувцас  өмсөнө
 
Олимп бүрийн үеэр аль нэг багийн тамирчдын өмссөн хувцас олны гайхашралыг төрүүлж байдаг билээ. Энэ удаа америкчуудын өмсөх хувцас шуугиан тарих нь тодорхой болоод байна. АНУ-ын сноубордын тамирчдад зориулан Burton Snowboards компанийн зохион бүтээсэн хувцас нь сансрын нисэгчдийн хувцастай тун адилхан болсон нь нийгмийн сүлжээнийхний анхаарлыг ихээр татжээ. 
Компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Америкийн сансар судлалын түүхээр бахархах үүднээс уг хувцсыг зохион бүтээсэн гэнэ. Хөнгөн цагаан оруулгатай мөнгөлөг цагаан материал нь 1960-1970 оны үеийн НАСА-гийн сансрын нисэгчдийн хувцастай маш адилхан болжээ.
 
 
Олимпын бамбар ба медалийн жин  
 
Энэ удаагийн өвлийн Олимпын наадмын медалиуд нь түүхэн дэх хамгийн хүнд жинтэй медалиуд байх гэнэ. Тодруулбал, алтан медаль-586 гр, мөнгөн медаль – 580 гр, хүрэл медаль -493 гр жин татах аж.
Олимпын галыг Грекийн Олимпия ууланд 10 дугаар сарын 24-ны өдөр асаасан бол түүнийг Өмнөд Солонгосын нутгаар буухиалах аян “Пёнчан-2018” нээгдэхээс 100 хоногийн өмнө эхэлжээ.
Олимпын бамбарын буухиа аян Өмнөд Солонгосын 17 хот, мужаар дайран өнгөрсөн бөгөөд бамбарыг дамжуулан гүйхэд 7500 хүн оролцох аж. Буухиа гүйлт бэлгэдлийн агуулгаар 2018 км замыг туулна.
Галт бамбарын урт нь 700 мм бөгөөд энэ нь Пёнчан хот далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт оршдог болохыг бэлгэдсэн аж. 700 м гэдэг нь хүн амьдрахад хамгийн таатай өндөр орчин гэнэ.     
 
Эвлэрэл дулаарлын Олимпын үеэрх цочир хүйтрэл
 
Цаг уурчдын өгч буй мэдээллээр бол, 2 дугаар сарын 9-ний өдөр болох Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр агаарын температур -14 хэм болж хүйтрэх төлөвтэй байна. Манай Монголын тамирчид, хөгжөөн дэмжигчдийн хувьд энэ зэргийн хүйтэнд ажрахгүй нь ойлгомжтой, гэхдээ халуун чийглэг орны -14 градус гэдэг нь манайхаар бол -18 градус гэмээр нэлээд жихүүцэм хүйтэн гэсэн үг. Ялангуяа стадионд сууж буй үзэгчдийн хувьд яггүй хүнд даваа болох нь. Ер нь бол өвлийн Олимпын наадмын нээлтийн үеэр ингэж хүйтэрч байсан тохиолдол түүхэнд бүртгэгдээгүй аж. Өмнө нь 1994 онд Норвегийн Лиллехаммер хотод болсон Олимпын нээлтийн үеэр -11 хэм хүрч байсан гэдэг.
Хэт хүйтэрнэ гэж тооцолгүйгээр Пёнчаны гол цэнгэлдэх хүрээлэнг дээвэргүй барьчихсан учраас үзэгчдийн тав тухыг алдагдуулахгүй байх  нь зохион байгуулагчдын хувьд толгойны өвчин болоод байна. Иймээс үзэгчдийг стадионд шуурхай шалгаж оруулах, суудлаа эзэлсэн хүмүүст хучлага /одеяло/ тарааж өгөхөөр төлөвлөж байгаа бололтой. 
 
 
Ер нь түүхийг сөхөж үзвэл, өмнөх өвлийн Олимпын наадмууд бүгд л төдийлөн ихээр хүйтэрдэггүй газруудад болж байсан байх юм. Жишээ нь, Хар тэнгисийн эрэгт өвлийн Олимпыг зохион байгуулахаар шийдвэрлэх үед олон хүний инээд хүрч байсан болов уу.  
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг