sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын биеийн тамир, спортын салбар хороо, холбоодтой БНХАУ-ын Биеийн тамир, спортын байгууллага, холбоо, компаниуд хамтран ажиллах санамж бичиг гаргалаа.
Өнгөрсөн баасан гарагт уг арга хэмжээ “Улаанбаатар” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд болж, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, БНХАУ-ын Биеийн тамир, спортын ерөнхий холбооны тэргүүн, спортын үйлдвэрлэлийн “Grand China sports” компанийн ерөнхийлөгч Хоу Да Вей, Хятадын Тиан Жин хотын Бизнесийн холбооны байнгын хорооны дэд дарга Ма Гуан Жүн, Монголын паралимпийн хорооны дарга Х.Сүрэнхорлоо, Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны дарга С.Өнөрбаяр, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга А.Болдмаа нар уг санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
 
Энэхүү санамж бичигт тусгаснаар энэ онд манай оронд спортын олон улсын чанартай хэд хэдэн тэмцээн уралдаан зохион байгуулахаар болж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын их наадам, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан олон улсын гольфын тэмцээн, “Чингисийн зам” марафон гүйлтийн тэмцээн, “Үзэсгэлэнт Улаанбаатар-2018” өртөөт марафоны тэмцээн, Улаанбаатар-Бээжин хүртэлх олон улсын дугуй ралли зэрэг тэмцээн уралдааныг хамтран зохион байгуулах юм.
Эдгээр уралдаан тэмцээний хүрээнд тодорхой дэмжлэг үзүүлэн манай биеийн тамир, спортын салбарт БНХАУ-ын дээрх байгууллага, компаниудаас Монголын дугуйн спортын холбоонд 200 дугуй, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоонд 500 ширхэг өвдөг, тохойны хамгаалалт бүхий иж бүрэн хэрэгсэл, Эх үрсийн баяраар зохион байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гүйлтийн уралдаанд оролцох хувцас зэргийг хандивлаж хувь нэмрээ оруулахаар болжээ.
Хятадын спортын үйлдвэрлэлийн “Grand China sports” компани өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын ширээний теннисний холбоонд иж бүрэн тоног төхөөрөмж бэлэглэж, "Үзэсгэлэнт Улаанбаатар-2017" анхдугаар өртөөт марафоны тэмцээнийг ивээн тэтгэж байсан билээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг