sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа.
“Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-ноос мэдээлж байсан. БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд: Аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрчээ.
Улмаар энэ бөхчүүдийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон байна. Харин үлдсэн нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулаад байгаа юм.
Дашрамд дуулгахад, МҮБХ, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд анх удаагаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг