sonin.mn
МОСКВА. ТАСС. Энэ жил ОХУ-д болох Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбар нийт 1 сая 303 мянга 616 ширхэг борлогдоод байгаа тухай Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ хэвлэлийн алба мэдээлжээ.
ДАШТ-ний тасалбарыг хоёр үе шаттайгаар борлуулж байгаа билээ. Тасалбар борлуулалтын хоёрдугаар шат өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд эхэлсэн бөгөөд ирэх 4 дүгээр сарын 3 хүртэл үргэлжлэх юм.  Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-наас 1 дүгээр сарын 31 хүртэл хөгжөөн дэмжигчид тасалбар худалдаж авах хүсэлтээ ФИФА-гийн албан ёсны цахим хуудсанд хандан гаргах боломжтой байсан юм. Хүсэлт гаргасан хүн бүр хүссэн тасалбараа авах боломжгүй билээ. Хүсэлтийн тоо суудлын тооноос давсан тохиолдолд тасалбарыг санамсаргүйгээр сонголт хийх аргаар хуваарилаж байгаа юм.
Хоёрдугаар шатны эхний үеийн байдлаар нийт 568 мянга 448 тасалбар борлуулагдсан байна. Үүнээс Оросын хөгжөөн дэмжигчид илүү олон буюу нийт 197 мянга 832 тасалбар худалдан авчээ. Түүнчлэн Колумб, Бразил, Перу, Герман, АНУ, Мексик, Австрали, Аргентин, Их Британи болон Польш улс тасалбар худалдан авалтын тоогоор тэргүүлж байна.
ДАШТ-2018-ын тоглолтууд 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно.
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг