sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын самбо бөхийн холбоо, өнгөрсөн лхагва гарагт Беларусь улсын “Белаз” автомашины компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү ёслолд Монголын самбо бөхийн холбоо /МСБХ/-ны ерөнхийлөгч, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Беларусийн Худалдаа аж үйлдвэрийн тэнхмийн төлөөлөгч Л.Я.Слободский, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, самбо бөхийн дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ, Беларусийн алдарт бөх, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, 1980-аад оны үед дэлхийн дэвжээнд өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч, дэлхийн аварга Х.Баттулгатай хүч үзэж явсан Владимир Геннадиевич Япринцев нар оролцлоо.
Энэ онд МСБХ байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа юм. Уг ойн хүрээнд хийсэн хамгийн том ажил нь уг гэрээнд гарын үсэг зурах ёслол байсныг Д.Гэрэл онцлов. Самбо бөхийн спортыг Монголд түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар “Белаз” компани ийнхүү хамтран ажиллахаар болов.
Тус компанийнхан хэдхэн хоногийн өмнө гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайханы нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм. Улмаар Беларусь, Монголын баг тамирчид хамтарсан бэлтгэл сургуулилт хийж, тамирчин солилцож, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана.
Дашрамд дуулгахад, Монголын самбо бөхийн тамирчид 1973 онд Ираны Тегеранд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож гавьяат тамирчин Ш.Чанрав алтан медаль хүртэж байсан түүхтэй. Өнөөдөр манай самбо бөхийн тамирчдаас 37 дэлхийн аварга цолтон төрөөд байгаа юм.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг