sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шайбтай хоккейн баг тамирчид “Азийн цомын тэмцээн-2018” /Asian challenge cup-2018/ тэмцээнээс алтан медаль хүртсэн хоккейн багийн төлөөллийг даваа гарагт “Сентерра гоүлд” компаний ерөнхий захирал Родни Чанин, Канадын ЭСЯ-ны худалдааны атташе Стив Басадур нар хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Тэд Канадаас хувцас хэрэглэл хандивлан, тээврийн зардлыг нь энэ компани даахаар болсон байна. Манай хоккейчид энэ жил ес дэх удаагаа оролцон дөрвөн тоглолтонд гуравт нь хожиж есөн оноотой тэргүүн байрт шалгарч алтан цом, алтан медалийн эзэд болсон юм.
 
 
Дашрамд сонирхуулахад, Монголын баг энэ тэмцээнээс 4 удаа хүрэл медаль хүртэж байв. Харин өнгөрсөн жил медалийн өнгөө хувиргаж мөнгөн медаль хүртсэн бол 2018 онд ийнхүү алтан медалийн эздээр тодорсон. Монголын хоккейн холбооны ерөнхийлөгчөөр Б.Жавхлан, Хүндэт ерөнхийлөгчөөр Д.Даваасамбуу, ерөнхий нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, ахлах дасгалжуулагчаар А.Мэргэн тус тус ажилладаг.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг