sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын  “Алтан дагина” цом ирэх даваа гарагт буюу 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо "айлчлан" ирнэ. 
Энэхүү "Алтан дагина" цом нь 6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон бөгөөд хүн төрөлхтөнийг дагуулж, хошууруулж чаддаг хөлбөмбөгийн спортын оргил болсон цомд зөвхөн ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын Ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг.
"Алтан дагина" цом энэ онд дэлхийн 53 улсад зочилж байгаагийн нэгээр  Монгол Улс тодорсон юм. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны албан ёсны түнш Кока-Кола компани бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн Дэлхийн аваргын цомыг аялуулдаг уламжлалтай болсон.
Ирэх даваа гарагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч цомыг хүндэтгэлтэйгээр угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг татуулна. Энэ өдөр үзэгч олонд нээлттэйгээр МХБХ-ны "Супер цомын тоглолт", "Оддын хөлбөмбөг" тэмцээн тус тус болно. 
Хүндэтгэлийн арга хэмжээний дараа Шангри-Ла Моллд “Алтан дагина” цомыг олон нийтэд нээлттэй үзүүлэхээр байрлуулах юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг