sonin.mn
БЕРЛИН. /ТАСС/. Хэдийгээр зарим орны дипломатчид 2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ-г бойкотлох бодолтой байгаа боловч Германы канцлер А.Меркель тэмцээний үеэр Орос улсад зочилно хэмээн найдаж байна хэмээн Германы Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Райнхард Гриндель мэдэгджээ. 
Түүний ярьснаар, ДАШТ-ий өмнөхөн Германы шигшээ багийнхан холбооны засгийн газрын гишүүдтэй уулзах бөгөөд энэ үеэр дээрх сэдвийг хөндөн ярилцах аж.
Харин А.Меркель өөрийн төлөвлөгөөний талаар одоохондоо ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Германы шигшээ багийн тууштай хөгжөөн дэмжигч болох тэрбээр 2010 онд ӨАБНУ-д, 2014 онд Бразилд болсон ДАШТ-үүдийн үеэр багийнхаа тоглолтуудыг очиж үзсэн юм.
Өмнө нь Их Британийн Ерөнхий сайд Т.Мэй мэдэгдэхдээ “засгийн газрын гишүүд болон эзэн хааны гэр бүлийн гишүүд ДАШТ-ийг очиж үзэхгүй” гэсэн байна. Үүний учир нь, 3 дугаар сарын 4-ний өдөр Оросын тагнуулч асан С.Скрипаль болон түүний охин Юлия нарыг химийн бодисоор хордуулсантай холбоотой аж. Үүний дараа, барууны бусад орнууд ч мөн адил ДАШТ-ийг бойкотлох гэж байгаа тухай мэдээлэл гарсан байна.
 
Э.Аянзаяа   
Эх сурвалж: Монцамэ агентлаг