sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гранд Чайна спортс” ХХК-ийн нэрэмжит “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам”-ыг энэ оны тавдугаар сарын 29-31 Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Энэхүү наадам нь Монгол, БНХАУ-ын найрамдалт хамтын ажиллагааны 70 жилийн түүхэн ойн хүрээнд болж байгаа гэдгээрээ онцлогтой. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам”-д Дифлимп /сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй/ паралимп /гар, хөл, нуруу нугасны болон харааны бэрхшээлтэй/, тусгай олимп /оюуны бэрхшээлтэй/-ийн баг тамирчид өөр өөрсдийн ангиллын дагуу спортын 8 төрлөөр өрсөлдөнө.
Тус наадамд 493 тамирчин 238 медалийн төлөө хурд, хүч, ур чадвараа сорих бөгөөд 81 шүүгч, 83 дасгалжуулагч, 8 эмч болон сайн дурын ажилтнууд оролцон зохион байгуулах юм. “Нэг бүс-Нэг зам” төслийн хүрээнд явагдах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам”-ын алсын хараа, хэтийн зорилт нь 2024 оны Паралимпийн наадам, 2025 оны Дифлимпийн наадам, 2023 онд болох Тусгай олимпийн зуны наадмуудад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг бэлтгэх эхлэл болж буй гэдгээрээ онцлогтой.
Энэхүү наадмыг БТСГ, “Гранд Чайна спортс” ХХК, Монголын Паралимпийн хороо, Дифлимпийн хороо, Тусгай олимпийн хороо хамтран зохион байгуулна.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.53-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий цогцолборыг барих ажлыг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр болсон. Харин уг цогцолборыг БНХАУ-ын буцалтгүй гүйцэтгэхээр тусгагдан ажиллаж байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг