sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, "Андууд сити- клуб" ХХК, "Нисдэг мазаалай" ХХК-тай 2018-2022 оныг хүртэл хэрэгжих нэг тэрбум төгрөгийн гэрээ байгууллаа.
Гэрээнд зааснаар үндэсний дээд лиг жилд 200 саяын шагналын сантайгаар зохион байгуулж байхаар боллоо. Энэ нь Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай гэрээ гэдгээрээ дээд амжилт тогтоож байна. Үндэсний лигүүд "Андууд сити- клуб" ХХК, "Нисдэг мазаалай" ХХК-ийн "Мазала" брэндийн нэрээр овоглож, урьд өмнө байгаагүй өндөр шагналын сантай зохион байгуулах юм.
МХБХ 2015 онд “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гэрээ байгуулж, дээд лигийнхээ шагналын санг 100 сая төгрөг болгосон нь Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр дүн байсан билээ. Өнөөдөр "Арвайн үндэс" ХХК-тай байгуулсан гэрээг амжилттай дүгнэлээ.
 
 
Харин 3 жилийн дараа шагналын сангаа дахин тэрбум төгрөг болгосон нь хөлбөмбөгийн спортын хөгжил хурдацтай урагшилж байгааг харуулсан үйл явдал болов. МХБХ, "Андууд сити- клуб" ХХК, "Нисдэг мазаалай" ХХК, "Мазала" брэндтэй хамтран ажилласнаар хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах төдийгүй дээд лигийн тоглолтуудын тоглолт бүрийн тасалбар бүрээс 100 төгрөг, мөн "Мазала" брэндийн борлуулсан ширхэг бүрийн 10 төгрөг нь "Мазаалай хамгаалах сан"-д дэмжлэг болж очих юм.
"Мазала" дээд лиг энэ сарын 28-наас эхлэн Атлетик 220, Арвис, Гоёо Эф Си, Дэрэн, Сэлэнгэпресс, Улаанбаатар сити, Хангарьд, Жипро, Эф Си Улаанбаатар, Эрчим гэсэн 10 багийн ширүүн өрсөлдөөнт тоглолтоор өрнөнө.
Харин 5 дугаар сард эхлэх "Мазала" нэгдүгээр лигт энэ улиралд анх удаа 12 баг тоглох учраас өмнөх жилүүдээс илүү сонирхолтой болох юм. Өнгөрсөн гурван жилд Үндэсний дээд лигийг ивээн тэтгэсэн “Алтан жолоо” группт МХБХ нийт хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс талархал илэрхийлэн МХБХ-ны “Гавьяаны одон”-оор шагнаж, үнэмлэх олгосон байна.
“Алтан жолоо” группийн хийсэн ажлыг үргэлжлүүлэн авч, хөлбөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар зориглоод байгаа “Андууд сити, клуб” ХХК, "Нисдэг мазаалай" ХХК-ий хамт олонд МХБХ-ноос халуун талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг