sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний спортын VI их наадам ирэх зургадугаар сард анхан шатны тэмцээн аймаг, дүүргийн хэмжээнд болох бол II шат буюу шигшээ тэмцээн наймдугаар сарын 11-15-нд Хүй долоо худагт зохион байгуулна. 
Саяхан болсон тус наадмыг зохион байгуулах хорооны хурлаар их наадмын бэлтгэл ажил, зохион байгуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцжээ. Үндэсний спортын VI их наадамд тоглоом наадгайгаас гадна спортын 10 төрлийг багтаасан байна.
Энэхүү Их наадамд олон нийтийн дунд түгээмэл болсон зуны 10, өвлийн дөрвөн үндэсний спортын төрлүүдийг сонгосон. Тухайлбал, Үндэсний бөх, Үндэсний сур харваа, Хурдан морины уралдаан, Шагайн харваа, Ширээний шагай, Жороо морины уралдаан, Уран уургач, Бугуйлч, Эмнэг булгиулагч, Буриад, урианхай уламжлалт сурын харвааг багтааж улсын хэмжээнд хоёр үе шаттай зохион байгуулах юм.
Ирэх зургадугаар сард болох анхан шатны тэмцээнээс шалгарсан баг тамирчид наймдугаар сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болно.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг