sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болох 2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Нижний Новогород хотноо зургадугаар сарын 27-ны E хэсгийн гуравдугаар тойргийн Швейцарь- Коста-Рика багуудын тоглолтыг Монгол хүүхэд эхлүүлэх эрхийг аваад байна.
Энэ азтай хүүхэд ирэх сард тодорно. Монгол хүүхэд, хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд гарч, олон мянган үзэгч, фанатуудын дунд зогсон хөлбөмбөгийг гараараа барин тоглолтыг эхлүүлэх энэ завшааныг олж авах эрхийг хэрхэн шалгаруулах болсныг тус компаниас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж мэдээллээ. Энэ шалгаруулалтанд Монгол Улсын иргэн 10-14 насны эрэгтэй, эмэгтэй хүүхэд бүр оролцох боломжтой аж. Харин энэ азтай хүүхдийг шалгаруулах арга нь “Миний мөрөөдөл Киа” /My dream KIA/ эссэ бичлэгийн уралдаан байх юм. 
Киа Моторс корпорацийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютер “Киа Моторс Монгол” ХХК нь 172 улсын өрсөлдөгч компаниудаас шалгарсан 24 улсын нэгээр тодорч, энэхүү алтан боломжийн эзэн болжээ. БНСУ-ын Киа Моторс корпораци нь анх 1944 унадаг дугуй үйлдвэрлэн хөгжлийн гараагаа эхэлжээ. Харин 1971 онд анхны автомашинаа үйлдвэрлэснээр Солонгосын анхны автомашин үйлдвэрлэгч компани болжээ.
Өнөөдөр Киа Моторс корпораци нь Дэлхийн топ 100 брэндийн нэгд зүй есоор багтаж 172 улсад албан ёсны 6000 диллер дистрибьютертэй дэлхийн шилдэг 5 автомашин үйлдвэрлэгч болсон юм. Тус корпораци хөлбөмбөгийн ДАШТ-ийг 2022 он хүртэл, Австралийн нээлттэй тэмцээн /Талбайн теннис/, NBA /Үндэсний сагсан бөмбөгийн холбоо/ зэрэг дэлхий нийтээрээ шимтэн үздэг спортын албан ёсны хамтрагч түнш нь билээ.
Харин Киа Моторс Монгол ХХК нь суудлын болон ачааны автомашиныг Монгол Улсын зах зээлд нийлүүлдэг Киа Моторс корпорацийн Монгол дахь албан ёсны зуучлагч юм.
Энэхүү эссэ уралдааны зорилго нь хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтыг нээх бөмбөгийг авч гарах 10-14 насны хүүхдийг Монгол Улсаас анх удаа шалгаруулахад оршино. Харин уралдааны ач холбогдол нь хүүхдийн өөрийн хүсэл мөрөөдөл, ирээдүйд итгэх итгэл нэмэгдэхийн зэрэгцээ хүсэл мөрөөдлөө нэг алхам урагшлуулж, дэлхийн шилдэг хөлбөмбөгчидтэй нүүр тулан уулзах юм. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй танилцаж хөлбөмбөгийн талаар мэдлэг, мэдээллээ солилцож, харилцан суралцах дурсамж дүүрэн боломж тохионо.
 
 
Эссэ бичлэгт тавигдах шаардлага нь 10-14 насны хүйс харгалзахгүй бүх хүүхэд оролцох эрхтэй. Агуулга нь “Миний мөрөөдлийн КИА” гэсэн сэдвийн дор хүсэл мөрөөдлийнхөө талаар 300-450 үгэнд багтаан бичнэ. Үг, үсгийн болон найруулгын алдаагүй, өөрийн овог, нэр, холбогдох хаяг, сургууль, ангиа тодорхой бичих, англи, монгол аль нэг хэл дээр бичигдсэн байж болно. Мөн эссэний агуулгад нийцсэн гэрэл зураг хавсаргаж болох юм.
Оролцогч хүүхэд нь англи хэлний зохих мэдлэгтэй байх, хөлбөмбөгт сонирхолтой, олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжтой, чимээ шуугианыг даах чадвартай байх, ирээдүйд Киа Моторс Монгол ХХК-тай зар сурталчилгааны гэрээ байгуулан ажиллахыг зөвшөөрсөн байх шаардлагыг хангах ёстой.
Уралдааныг I шатанд шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 9 эссэг шалгаруулна. Харин II шатанд Киа Моторс Монгол компанийн төлөөлөгч нар шилдэг оролцогчдоос англи хэлний мэдлэг болон ачаалал даах, олон нийттэй харилцах зэрэг чадварыг үнэлэн ялагчийг тодруулах юм.
Тэргүүн байрт шалгарсан нэг хүүхэд ДАШТ-ий нээлтэд оролцох эрхийн бичиг, Өргөмжлөл хүртэж, эцэг, эхийн аль нэгний хамт ОХУ-ыг зорино. Харин шагналт байр эзэлсэн 8 хүүхдэд дэмжигч байгууллагуудын гарын бэлэг, Өргөмжлөл гардуулах аж.
Дашрамд дуулгахад, ОХУ-д болох 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д нийт 64 тоглолт болох бөгөөд эдгээр тоглолтын 40-ийг нь ОХУ-ын хүүхдүүд тоглолтын хөлбөмбөгийг барьж ногоон талбайд гарч ирэх бол 24 тоглолтын бөмбөгийг 24 улсын хүүхдүүд барих бөгөөд тэдний нэг нь Монгол Улсын хүүхэд байх юм. Энэ азтан хүүхдийг 2018 оны тавдугаар сарын 14-ны өдөр тодруулна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг