sonin.mn
ТОКИО. /Би-Би-Си/. Японы уулчин Эверестийн оргилд гарах найм дахь оролдлогынхоо үеэр амиа алджээ.
"Би-Би-Си" телевизийн мэдээлснээр, Нобүказү Күрики өмнө нь тус оргилд гарахаар оролдох үеэрээ есөн хуруугаа хөлдөөж, тайруулж байсан байна. 35 настай уулчин майхандаа амьсгал хураасан байхыг энэ долоо хоногийн даваа гарагийн өглөө Балбын уулчдад газарчлагчид олсон ажээ.
Зургаан тивийн ноён оргилд авираад байсан тэрбээр сүүлийн хэдэн хоногийн дотор Эверестэд амиа алдсан хоёр дахь уулчин болж байна. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Эверестед Македоны нэг уулчин амиа алдсан юм.
Н.Күрики сүүлийн авиралтынхаа явцад "Фэйсбүүк" хуудастаа "Бие маш их өвдөж байна. Энэ уулын оргилд авирна гэдэг үнэхээр амаргүй ажил байна" гэж бичсэн байжээ. Тэрбээр 8848 метр өндөр Эверестийн оргилд гарахад ердөө 1400 метр үлдээд байсан гэнэ.
Энэ онд Эверестэд авирах зөвшөөрлийг 350 орчим уулчин авсан аж. Тэдний нэг нь 1975 онд тус оргилд авирах үеэрээ хоёр хөлөө хөлдөөсний улмаас тайруулсан Хятадын уулчин юм. Хятадын уулчин нь энэ сарын эхээр тус оргилд амжилттай авирч чадсан билээ. Ингэснээр тэрбээр тус оргилд авирч чадсан дэлхийн хиймэл хөлтэй хоёр дахь хүн болсон юм.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг