sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолд оролцох залуу сэтгүүлч Ш.Эрхэс, тамирчин Э.Даринчулуун нар хойд хөршийг зорихдоо бэлдсээр байна.
Тэд Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/, Газпром ХХК хамтран зохион байгуулж байгаа “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд төдийгүй 21 дэх удаагийн ДАШТ-ий нээлтийн ёслолд оролцохоор сонгогдсон хүүхдүүд юм.
Дэлхийн 210 улсын хүүхдүүдтэй уулзаж, эх орноо сурталчлах хоёр хүү, энэ өдрүүдэд хөдөө нутгаар аялж, малчны хотонд айлчлан, үндэсний зоог барьж, олон сонирхолтой үйл явдалтай учирч шинэ ертөнцтэй танилцлаа. Нийслэл хотын хөлтэй амьдралд төрж өссөн Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар хөдөө, орон нутагт очсондоо сэтгэл өөдрөг, сайхан сэтгэгдэлтэй иржээ.
 
 
Замдаа хөдөөгийн хөлбөмбөгчин хөвгүүдтэй таарч, хэсэгхэн хугацаанд тэмцэлдэн тоглож хөгжилтэй өнгөрөөжээ. Тэд “Энэ хөвгүүдийг анх харахад их жижиг биетэй ч тоглоод үзэхэд маш хурдтай байсан. Бидэнд үнэхээр хөгжилтэй санагдлаа” хэмээн ярьжээ.
Манай хөвгүүд ирэх зургадугаар сард “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд “Western Gorilla” багийн нэрийн өмнөөс оролцоно. Дэлхийн ховордсон горилла сармагчны нэрлэгдсэн баг Монгол /хагас хамгаалагч/, Узбекистан /хаалгач/, Люксенбург /хамгаалагч/, Гибралтар /хагас хамгаалагч/, Израйль /довтлогч/ гэсэн улсуудын тоглогчдоос бүрдээд байгаа билээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг