sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-нд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр УИХ-ын гишүүн А.Сүхбат мэдээлэл хийлээ.
Тус холбооны тэргүүн Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн Дархан аварга А.Сүхбат нар энэ сарын 15-нд Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн нартай уулзжээ. Үндэсний их баяр наадам болоход цөөн хоног үлдээд буй энэ цаг мөчид МҮХБ-нд үүсээд буй маргаантай асуудлыг эвлэрлийн гэрээгээр зохицуулах талаар энэ уулзалтаар санал солилцож, оролцогч талууд дэмжсэн байна. Мөн энэ үеэр Дархан аварга Г.Өсөхбаяр эвлэрлийн гэрээний асуудлыг Дархан аварга Б.Бат-Эрдэнэд танилцуулаад хариугаа ирүүлнэ хэмээн мэдэгджээ. Гэвч маргааш нь буюу энэ сарын 16-нд Дархан аварга Г.Өсөхбаяр эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй болсоноо мэдэгдсэн гэдгийг А.Сүхбат гишүүн хэллээ.
Тэрбээр, “Уулзалтын үеэр Дархан аварга Х.Баянмөнх эвлэрлийн гэрээ байгуулж, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэсний дараа Их Эеэ хуралдуулж, бөхийн холбооны тэргүүнийг дахин сонгох санал гаргасан. Уг асуудлыг Б.Бат-Эрдэнэ аварга эсэргүүцэж байгаа нь буруу. Бөхөд хайртай монгол түмэн, Үндэсний их баяр наадмаар сайхан барилдаан үзэх гэсэн иргэдээ хүндлэн бидний саналыг хүлээн авахыг Б.Бат-Эрдэнэ аваргаас хүсч байна” хэмээв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг