sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владимир хотноо сонсголын бэрхшээлтэй иргэдийн буюу дифлимпийн бөхийн төрлүүдийн ДАШТ энэ сарын 12-18-нд болж, манай залуу тамирчин Н.Эрхэмбаяр дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.
Сүүлийн өдөр буюу даваа гарагт чөлөөт бөхийн залуучуудын 61 кг-д “Самсун-2017” дифлимпийн наадмын мөнгөн медальт, 2016 оны өсвөр үеийн дэлхийн аварга, Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний тамирчин Н.Эрхэмбаяр дөрвөн барилдаан хийж бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж Дэлхийн аварга боллоо.
Өмнөх өдөр нь насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан байна. Харин энэ удаа хэсгийн барилдаанд Болгарын Дилиан Димитров, Туркийн Махирсан Юурт, хагас шигшээд Казахстаны Йершат Жанабил, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Магомед Магомедов нарыг тус бүр оноогоор цэвэр ялжээ.
Ийнхүү 19 настай Н.Эрхэмбаяр дифлимпийн ДАШТ-ээс ийнхүү өсвөр үе, залуучуудын ангилалд түрүүлж буй амжилтаараа Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг