sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий өнгөрсөн шөнө /06.22/ манай цагаар 02 цагт эхэлсэн  D хэсгийн Аргентин-Хорват тоглолтод 0:3-аар хорватчууд хожиж аргентинчууд хэсгээсээ гарч чадах эсэх нь бүрхэг боллоо. 
Нижний Новгород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд 43319 үзэгч ирж сонирхсон энэ тоглолтын эхний 45 минутад гоол оролгүй өндөрлөв. Харин хоёрдугаар хагаст хорватчуудын давамгайлал өрнөж, 53 дахь минутад довтлогч Анте Ребич эхний гоолыг оруулж Хорват тэргүүлж эхлэв.
Улмаар хагас хамгаалагч Лука Модрич 80 дахь минутад хоёр дахь гоолыг хийсэн бөгөөд 90 дэх минутад хагас хамгаалагч Иван Ракитич дахин гоол орууллаа. Ийнхүү хорватчууд хэсгээ зургаан оноогоор тэргүүлж шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авсан бол аргентинчүүд маш хүнд байдалд ороод байна. 
Хошой дэлхийн аварга /1978, 1986/  Аргентины шигшээ баг хамгийн сүүлд 2014 оны Бразилд болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн юм.
D хэсгийн  багуудын оноог танилцуулахад: Хорват - 6 оноо (2 хожил), Исланд -1 оноо (1 тэнцээ), Аргентин - 1 оноо (1 тэнцээ Нигер - 0 оноотой байна. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг