sonin.mn
ДООД НОВГОРОД. /Синьхуа/. Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Златко Далич Оросын багтай хийх тоглолтод хөл бөмбөгчид нь улам хичээж тоглох болно гэж мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
Тэрбээр Данийн багтай хийсэн тоглолтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Бид маш сайн бэлтгэсэн, зохион байгуулалт сайтай Данийн шигшээ багийн тамирчдын эсрэг хийсэн хүнд тоглолтын ард гарлаа. Манай багийнхан дараалан ялалт байгуулсан өмнөх гурван тоглолт шигээ хангалттай сайн байгаагүй ч тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун байна. Ийм тоглолтод ялсан нь биднийг улам ойр дотно, хүчирхэг болгохын зэрэгцээ тамирчдадаа итгэх итгэлийг минь улам нэмэгдүүллээ” гэжээ.
Дараагийн тоглолтод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй Оросын шигшээ багтай оноолт таарсан тухай З.Далич хэлэхдээ “Бид маш хүчтэй, маш агуу өрсөлдөгчийн эсрэг тоглох учир манай тамирчид илүү хүчирхэг, илүү хаттай болохын тулд бидэнд амрах ч цаг байхгүй” хэмээгээд одоогийн хүрсэн амжилтдаа сэтгэл хангалуун байгаа хэдий ч цаашид улам хичээх болно гэж нэмж хэлсэн байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг