sonin.mn
БЛИЦ
 
Баясгахын Батзаяа 
1986 онд Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн.
2003 онд Эрдэнэтийн Баян-Өндөр цогцолбор сургуулийг дүүргэсэн.
2007 овд МУИС-ийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
2014 онд МУБИС-д сэтгүүлзүйн магистр хамгаалсан.
 
Гаргасан ном, бүтээл:
 
 “Миний мэдэх хөлбөмбөг” - 2009 он
Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын түүх 1930-2010
 “Үгээр илэрхийлэмгүй” -2011 он 
 АНГЛИ МАЯГИЙН ТАЙЛБАР ДЭЛХИЙД НОЁЛЖ БАЙНА
-Би 1998 оноос хойш хөлбөмбөгийн ертөнцөд амьдарч байна. 1998 оны Дэлхийн аваргын тэмцээнийг үзээд энэ спортын хорхойтон болсон.
 
1999 оноос тусгай дэвтэр гаргаад алдартай тамирчид, дуулиан шуугиантай тоглолт, дасгалжуулагчид, хөлбөмбөгийн түүхийг тэмдэглэн авч, энэ спортод шунаж эхэлсэн. Ер нь нэг л .орчихвол шунахгүй байхын аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн спорт шүүдээ. Мөн 1999 оноос өөрөө тоглож, Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд Эрдэнэт хотоо төлөөлөн оролцож эхэлсэн. 2002 онд Улсын аваргаас мөнгөн медаль авч байлаа. Үүний хажуугаар хөлбөмбөг тайлбарлах болсон. Тухайн үед энэ спортыг мэддэг, үздэг хүн олон байсан ч яг тайлбарлах гэхээр хүн олддоггүй тийм л үе байсан даа. Өөрөөр хэлбэл тайлбарлагчийн зах зээл их залуухан байсан.
Телевиз бол тухайн үед спортын соёлыг түгээх гол хэрэгсэл болж байлаа. Мөн “Таван цагираг” сонинг нэрлэж болно. Би 23 насандаа “Миний мэдэх хөлбөмбөг” гэж номоо гаргаж байлаа. Энэ бүхнээр дамжуулан спортыг олон нийтэд ойлгуулах тал дээр анхаарч ирсэн. Одоо ч хөлбөмбөг, спорт бичдэг хүн цөөхөн байна. Ер нь спортын тайлбар гэдэг маш чухал. Ялангуяа хөлбөмбөгийн тайлбар гэдэг давхар фанатыг бэлтгэж байдаг.
Миний хувьд англи стилийн тайлбарт илүү дуртай. Энди Грейн, Мартин Теллер гээд сул үгтэй, сэтгэл хөдлөлтэй хөтлөлт илүү хүний сэтгэлд хүрдэг. Дэлхийн хандлага ч тийм л байна. Одоо тайлбараас гадна анализ хийдэг болъё гэж бодож байна. Би өөрөө лигийн тамирчин, дасгалжуулагч байсан болохоор анализ хийхэд асуудалгүй байх гэж боддог.
 
ХӨЛБӨМБӨГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЗАСАГЛАЛ ЧУХАЛ
 
-Олон улсад, Монголд ч Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний талаар ярьж давамгайлж байна. Хүмүүс дуртай зүйлдээ ямар их ач холбогдол өгч байгааг үүнээс харж болно. Бусад спорт ийм биш шүү дээ. Тэр Унгар, Английн бөх бидэнд хамаагүй. Харин хөлбөмбөг бол хаа хамаагүй нэг улсын багийг дэмжээд тэрийгээ шүтээд л, уйлаад л байна. Энэ бол дэлхийн хэмжээний том соёл юм. Манай тайлбарлагч Балжаа ах гэхэд Оросын фанат. 
Тэднийгээ шүтээд бараг амьдралынхаа нэг  хэсэг болгоод явж байна. Ийм л соёлтой, сэтгэлтэй спорт юм. Энэ спортыг хөгжүүлэхэд тухайн орны засаглал маш чухал. Улс төрийн сонгууль, бодлого, дэд бүтэц гээд бүхий л зүйл тодорхой хэмжээнд нөлөөлнө. Манайд бол энэ төрлийн бодлого байхгүй, засаглал нь өөрөө доголдолтой байна. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ хөлбөмбөгийн хөгжлийн талаар яриад ч нэмэргүй. Сайн тоглож байгаа, сайн тоглогч гарч ирж байна гэдэг нь түр зуурын л асуудал.
Байнга сайн тоглогч гаргаж ирдэг тэр механизм нь байхгүй бол түр зуурын хөгжил юм. Бодлого, засаглал, эрхзүйн орчин манай улсад даанч алга байна даа. Би хөлбөмбөгөөс гадна дэлхийн газар зүй судалдаг. Үүгээр дамжуулан улсуудын спортын түүхийг судалсан. Тэгээд харьцуулан судалгаа хийхээр улс орны хөгжилд засаглал маш чухал байна. Зөв засаглалтай байж гэмээнэ хөлбөмбөг нь хөгжиж байна. Цөөхөн хүн амтай, дэд бүтэц тааруухан байсан ч хамаагүй хөгжөөд л байна.
 
БИД АНХАН ШАТНЫ НЭГЖЭЭСЭЭ ЭХЛЭХГҮЙ БОЛ САЙН ТОГЛОГЧ, ДАСГАЛЖУУЛАГЧ БЭЛДЭЭД НЭМЭРГҮЙ
 
- Манайх Скандиновын улсууд буюу Норвеги, Швед, Исландтай их ойролцоо. Цөөн хүн амтай, эрс тэс уур амьсгалтай, нэг хотдоо залуус нь төвлөрч амьдарч байна. Энэ улсуудын бодлого манай улсад тохирох юм шиг харагддаг. Мөн одоо Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг харж байна. Дани улс ямар мундаг тоглож байна. Тэд манайхтай бүтцийн хувьд төстэй. Тэгээд бодлогыг нь харахад бүр анхан шатны нэгжээсээ эхлээд сайн засаглалтай байна.
Тэнд ядаж сонгууль нь шударга болж байна. Бид бүүр анхан шатны нэгжээсээ эхлэхгүй бол өнөөдөр сайн тоглогч сайн дасгалжуулагч бэлдээд нэмэргүй байна. Тэр сайн тамирчин дасгалжуулагч тухайн цаг үедээ л үлдэнэ. Залгамж халаа гэж байхгүй. Дахиад хэлье засаглалаа л сайн хөгжүүл. Тэгж байж сайн хүмүүс аяндаа гарч ирнэ. Сингапур, Тайванийн жишээг хар л даа. Өмнөд Солонгос байна. 1950 онд гэхэд Өмнөд Солонгос, Сингапурт ямар азгүй хүмүүс амьдардаг байна аа гэж ярьж байсан бол одоо эсрэгээрээ Монгол болон Хойд Солонгост ямар азгүйчүүд нь амьдардаг байна аа гэж ярьдаг болсон байна шүү дээ.
Энэ бол зөв засаглалын л үр дүн болохоос биш өөр хүчин зүйл байхгүй. Одоо Аргентиныг хар л даа. Сайн тамирчин, дасгалжуулагч байна. Гэтэл хөлбөмбөгийн холбоо нь битүү авлига. Месси хүртэл би шигшээ багаасаа зодог тайллаа гээд л буцаж ирээд л асуудалтай байна. Яг үнэндээ тэр хүн эх орноо бодож л ирсэн болохоос харахаас бөөлжис нь хүрмээр тэр хөлбөмбөгийн холбооны хэдэн авлигач нөхдийг бодож ирээгүй шүү дээ. Энэ бүхнийг хараад судлаад байхад бид засаглалаа сайжруулсан байхад хөлбөмбөг хөгжих асуудал биш юм шиг санагдаад байдаг. Исландын хүний нөөцийН бодлого манайхтай их ойролцоо.
Хаалгач нь гэхэд киноны найруулагч, дасгалжуулагч нь шүдний эмч. Манайх ч гэсэн тайлбарлагч Энхбаяр ах маань жүжигчин, Балжаа ах маань гэхэд багш хүн. Шал өөр мэргэжлийн хүмүүс хүртэл энэ салбар руу орж, амжилттай ажиллаж байна. Тэгэхээр манай улсын хүний нөөцийн бодлого Исландтай их адилхан. Тэд 300 мянгуулаа, бид гурван саяулаа. Гол нь тэдний бодлого засаглал, эрхзүйн орчин илүү байна. Би хөлбөмбөгийн тамирчин, тайлбарлагч, сэтгүүлч, багш, хажуугаар нь зөвлөгөө өгч байна. Хүний нөөцийн хувьд боломж байгаа.
 
ЧИНГИС ХААН БАГИЙН ТОГЛОЛТООР Л ТЭР ОЛОН УЛСЫГ ЭЗЭЛЖ БАЙСАН
 
-Манай улс угаасаа нүүдэлчид. Бидний генд хоёр хүний багийн тоглолт л байдаг. Суурин иргэншилтэй хүмүүс ногоо тарина багаараа ажиллана. Нийгмийн зохион байгуулалтад олон зууны тэртээгээс орчихсон байдаг. Бид гутлаа өөрөө хийчихдэг байлаа, хоолоо өөрөө хийнэ. Бүх л зүйлээ өөрөө хийчихдэг. Энэ нь манай онцлог юм. Гэхдээ манай улс багийн спортод амжилт гаргаж байсан уу гээд судлаад үзэхээр гаргасан байдаг.
XIII зуунд манайх маш цөөхөн цэрэгтэйгээр Чингис хаан багийн тоглолтоор л тэр олон улсыг эзэлж байсан. Тэр чинь яг л спорт шүү дээ. Тэгэхээр бид тийм цөөхөн цэргээр олон улсыг эзэлж байсан юм чинь одоо яагаад хөлбөмбөгөөр амжилт гаргаж болохгүй гэж. Тэгэхээр бид явахгүй ээ угаасаа тийм гентэй гээд суугаад байх утгагүй. Ялж явсан түүх бий. Яг спортын түүхээ авч үзэхэд одоогоор тааруухан үзүүлэлттэй байгаа ч цаашид шинэ түүхийг бүтээж болно, тийм боломж байгаа гэж харж байна.
Гэхдээ би эерэг сэтгэлгээтэй, бодлоготой байгаад тухайн салбар нь өөрөө бодлого муутай, асуудалтай байхад би ганцаардаж байна. Энэ асуудлыг сайжруулахын тулд нэг сэтгэлтэй, илүү олон хүн байх хэрэгтэй.
 
МОНГОЛЫГ ХУВИЙН ХЭВШИЛ, МУНДАГ МЭРГЭЖИЛТНҮҮД НЬ ХӨГЖҮҮЛНЭ
 
- Манай хөлбөмбөгийн холбоог хар л даа. Ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар нь улстөрч. Бид энэ хүмүүсээс мэргэжлийн юм шаардаж болохгүй байна. Исландын хөлбөмбөгийн холбоог улстөрч удирдахгүй шүү дээ. Улстөрчид түр хугацаанд өөрт ашигтай юмаа хийгээд л явчихна. Холбоо нь тэр хэвээрээ үлдэж байна. Мэргэжлийн удирдлага бол маш чухал юм. Түүнээс биш хөлбөмбөгийн хөгжилд манай төр засаг ороод нэмэргүй. Улстөр ороод эхлэхээр л бурууддаг.
Манайхан төр дэмжвэл болчихно гэдэг. Харин ч эсрэгээрээ төр нь л оролцохгүй бол хөгжих гээд байна. Ер нь гадны улс орны жишгээр ч гэсэн АНУ, Солонгосыг төр нь хөгжүүлээгүй биз дээ. Томоохон бизнесүүдийнхэн нь хөгжүүлсэн. Тэдний түүхийг уншихаар агуу ш дээ. Тэгэхээр манай Монголыг хувийн хэвшил, мундаг мэргэжилтнүүд нь хөгжүүлнэ гэж хардаг. Энэ хүмүүсийг ажиллах, хөгжих боломжийг нь л төр хангаад өгөх хэрэгтэй. Улстөрчид хөлбөмбөг, сагсанбөмбөгт орж яах гээд байгаа юм бэ. Исландын ерөнхийлөгч, парламентачид нь манай улс мундаг гээд яагаад PR хийхгүй байгаа юм бэ. 
Тэдний засаглал нь зөв байна. Улстөрчид нь юунд оролцож болох, юунд болохгүй вэ гэдгээ мэдэрсэн байна. Мөн хүмүүс “За манай хөлбөмбөгчид ч дээ” гэдэг. Тамирчид, дасгалжуулагчид муудаа биш, асуудал нь цаанаа байна. Засаглал нь муу байна шүү дээ. Би өнөө^өр бүдэрч уналаа гэхэд энэ хөл муудаа л гэнэ. Яагаад гэдэг шалтгааныг нь манайхан бодох сөхөө байдаггүй. Цаад шалтгааныг нь харж чадах юм бол нэг ч гэсэн давуу тал болно.Ер нь хөлбөмбөг улс орны хөгжлийг даган хөгжиж байна. Түүнээс дагуулж хөгжинө гэдэг хэцүү. Тэгэхээр засаглалаа л хөгжүүлэхгүй бол хэзээ ч хөгжихгүй.
Энэ асуудалд би Ботсвана улсыг жишээ болгон авъя. Манайхтай адилхан энэ улс ердөө л улс төрийн тогтвортой байдал, нэг хүнд ноогдох ДНБ нь 7,000 орчим ам.доллар байна. Манайхаас нэг дахин их. Ботсвана эрт үеэсээ хүн ам сийрэг суудаг цөлөрхөг нутаг байжээ. Хүн амьтан хорогдох шалтгаан багатай энэ зэлүүд нутагт бүгсэн үндэстэн хэдэн үеэрээ амар жимэр аж төрөн суух болсон юм. Ард нь Конго мөрний сав газрыг дамнасан боолын наймаа цэцэглэж байхад Ботсванад юу ч болоогүй мэт нам жим. Баруун талаар нь орших Намиби болон Калахарын асар том цөл нь Атлантын далайгаас ирэх гадны аюулаас хамгаалж байсан гэлтэй.
Хэний ч хараанд өртөхөөргүй нутгийн гүнд амьдарч африкчуудын амссан аюул зовлонг мэдрээгүй гэхэд болно. Хөгжлийн гол хөдөлгүүр нь тогтвортой байдал. Ингээд харахаар амжилтын хамгийн гол шалгуур нь засаглал. Ботсвана манай улс хоёрт засаглалын ялгаа л буй. Бусад бүх талаараа адилхан. Ямар ч салбарт засаглал сайн бол өсөлт гардаг.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин