sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын Халх сурын харваа өнөөдөр эхэлж байна. Нийт 580 харваач цэцээ сорихоос 240 нь улсын цол зэрэгтэй юм.
Баяр наадмын нээлтийн харваа болох урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газрын “Эрч спорт” хороо, “Өндөр уртын буянт” ХХК-ийн харваач спортын мастер Үндэсний сурын гарамгай харваач Т.Очироо 30 сумнаас 27 онож, урианхай сурын Улсын мэргэн цол хүртээд байгаа бол Буриад сурын харваанд мөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнел” ХХК-ийн харваач Н.Алтантулга 64 сумнаас 61 онож түрүүлэн буриад сурын улсын мэргэн цолны болзол хангаад байна. 
Жил бүрийн уламжлалт сурын харваанд Баян-Өлгий аймгийн харваачид сайн харвадаг ч энэ жил бүр онцгой байна. Мөн урианхай болон буриад сурын харвааны шилдэг тавд Баян-Өлгий, Дорнод, Ховд аймгийн харваачид багтжээ. Тэр дундаа Баян-Өлгий аймгийн харваачид онцгой байж, одоогоор хоёр шинэ мэргэн харваач төрж,  урианхай харваанд гурав, буриад харваанд хоёр харваач эхний байрт ороод байна. Үндэсний их баяр наадмын сурын харваа өчигдөр хүүхдийн харваагаар үргэлжилсэн бол өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх сурын талбайд Үндэсний сурын хана харваа эхэлж, харваачид эхний 8 сумаа тавина. Үндэсний сурын шилдэг харваачид долдугаар сарын 12-ны өдөр тодорно. 
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг