sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр эхэлсэн Үндэсний Их баяр наадмын Халх сурын харваанд нийт 584 харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас 240 нь улсын цол зэрэгтэй харваачид байна.
Харваачид нийт 40 сум тавьж байгаагаас эрэгтэй 75 метр, эмэгтэйчүүд 65 метрээс харваж, хана харваанд 20, хасаа харваанд 20 сумыг тус бүр харваж тавих юм. Өчигдөр хана харвааны эхэн өрөг болсон бол өнөөдөр хасаа харвааны эхэн өрөг явж, өндөр оноотой харваачид цааш харвах эрхээ авах юм. Жил ирэх бүр харваачдын тоо нэмэгдэж ур чадвар өсч байгааг зохион байгуулагчид онцолж байна. Өнгөрсөн жилийн Төрийн наадмын тэргүүн байрыг эзэлж, Монгол Улсын даяан мэргэн болж байсан “Хилчин” спорт хорооны харваач Б.Ёндонтой уулзвал, “Энэ жил хуртай наадам болж байна. Наадмын бэлтгэл сургуулилтаа Хилийн цэргийн бөх, сур харваачид энэ зун хамтдаа бэлтгэлд гарч базаасан” гэв. Наадмын сүүлийн өдөр буюу 7 дугаар сарын 12-ны өдрийн 13.40-14.00 цагийн хооронд үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваач цэц мэргээ сорино.  
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг