МОСКВА. /Синьхуа/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөгжөөн дэмжигчийн үнэмлэхтэй гадаадын хөл бөмбөг сонирхогчдыг энэ оныг дуустал ОХУ руу визгүй зорчих эрхээр хангах болсон тухайгаа тус улсын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн ням гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
“Тусгай үнэмлэх бүхий гадны орны хөгжөөн дэмжигчдийг визгүй зорчих эрхээр хангах бодолтой байна. Энэ нь олон удаа визгүй зорчих эрх олгоно гэсэн үг юм” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслолын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Хөгжөөн дэмжигчийн үнэмлэх нь зургадугаар сарын 4-нөөс долдугаар сарын 25-ны өдөр хүртэл хүчинтэй байсан ажээ. Мөн В.Путин ДАШТ-нийг үзэхээр Оросыг зорин ирсэн бүх үзэгчдэд талархал илэрхийлсэн байна. Өнгөрсөн шөнө Франц улсын шигшээ баг Хорватын шигшээ багийг 4:2 буулган авч, хоёр дахь удаагаа дэлхийн аваргаар шалгарсан юм.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг