Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ноос "3х3" сагсан бөмбөгийн дэлхийн Их дуулгын тэмцээний онцлох 10 тамирчинг нэрлэхэд манай тамирчин Энхбатын Дөлгөөн уг жагсаалтын гуравдугаарт бичигджээ. 
Спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татах болсон "3х3" сагсан бөмбөгийн спортын төрөл нь “Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтаад байгаа юм. Дээр дурдсан онцлох 10 тамирчныг нэрлэж байна. 
1. Душан Булут, 2. Богдан Драгович, 3. Энхбатын Дөлгөөн, 4. Саймон Финцгар, 5. Майкл Хикс, 6. Натан Юрковиц, 7. Карлис Ласманис, 8. Деян Майсторович, 9. Дэн Маврадид, 10. Стефан Стоячич  
ОУСБХ /FIBA/-ны танилцуулгад манай тамирчинг “Энхбатын Дөлгөөн бол Азийн тоглогчид 3х3 төрөлд Европын багуудын эсрэг ноёлж чадна гэдгийн баталгаа юм. Монголын энэ од Чингис хаан шигээ Улаанбаатар багаа удирдан Дэлхийн Их Дуулгын Финалд шалгарч чадах уу? Тийм ээ, тэр чадна. Тэр Хаан” хэмээн бичжээ.
FIBA-гийн 3x3-ийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох дэлхийн Их дуулгын тэмцээнүүд энэ амралтын өдрүүдэд эхэлсэн юм. Канадын FIBA 3x3 Saskatoon дэлхийн Их дуулгад манай Улаанбаатар баг есдүгээр байрт шалгарсан байна.
2018 оны улиралд есөн Их дуулга + WT FINAL тэмцээн явагдах бөгөөд одоогоор манай Улаанбаатар баг Японы Үцүномия Их дуулга, Хятадын Ченгдугийн Их дуулгад оролцох эрхтэй байгаа.
Японы Үцүномиягийн Их дуулга ирэх амралтын өдрүүдэд болох бөгөөд өнгөрсөн жил манай баг дөрөвдүгээр байрт шалгарсан хэмээн Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээлж байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг